Бусдад бэлгийн дарамт үзүүлсэн Бусан хотын захирагч огцрох шийдвэрээ зарлажээ
Өмнөд Солонгосын хамгийн том боомт хот Бусаны захирагч О Кео Дон төрийн албан хаагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлснээ хүлээн зөвшөөрч, албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргаснаа өчигдөр зарлажээ.
“Би төрийн албан хаагч эмэгтэйтэй таван минутын хугацаанд уулзахдаа биед нь гар хүрч, зохимжгүй үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ бол ноцтой хэрэг. Тиймээс би толгой мэхийн уучлал гуйж байна” гэж Бусан хотын захиргааны байранд болсон хэвлэлийн хурлын үеэр тэр мэдэгдсэн байна.
2018 онд хотын захирагчаар сонгогдож, 2022 он хүртэл ажиллах байсан О Кео Доны хувьд энэ нь гэнэтийн шийдвэр юм.
Тэрээр эрх баригч Солонгосын Ардчилсан Намын гишүүн ажээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлснээр хохирогч болон түүний гэр бүлийнхэн захирагчийг огцрохыг шаардаж байгаа гэнэ.
Бүх хариуцлагыг өөрөө хүлээх тухай мэдэгдсэн захирагч хохирогчийн нэр төрийг хамгаалахыг иргэд болон хэвлэл мэдээллийнхэнд уриалжээ.
Эрх баригч намын ёс зүйн хороо Баасан гарагт хуралдаж, О Кео Доныг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэх гэнэ.
Эх сурвалж: Korea Times
Э.СЭМҮҮН, IKON.MN
URL: