Бүгд муу байгаа бол зах зээл яагаад өснө вэ
Одоо хөрөнгийн зах зээлд багагүй асуудал үүсээд байгаа.Үнэндээ сайн мэдээ бараг алга. Бүгд л муу.
· Вирус дэлхийгээр тархсан хэвээр.
· Улс орнууд хаалттай чигээрээ.
· Гудамж талбай, олон үйлдвэрүүд эзгүйрсэн хэвээр.
Гэтэл яагаад хөрөнгийн зах зээл өснө вэ? Зах зээл өсч байгаагийн наад захын гурван хариулт ийм байж болно.
Шалтгаан №1. Тодорхойгүй байдал багасав
Хэдийгээр эргэн тойронд тодорхойгүй байдал хэвээр байгаа ч өмнөх үеэс багассан. Өнгөрсөн сард зоогийн газруудыг хааж, хүмүүс гэртээ бүгж эхлэхэд засгийн газрууд эдийн засгийг дэмжих арга хэмжээний тухай ярихгүй байлаа. Үйлдвэрүүд өөрсдийн нөөцөөсөө цалин хөлсөө төлж, удалгүй дампуурал эхэлнэ гэсэн хүлээлт их байв. Засгийн газрын дэмжлэг эхэлснээр хөрөнгийн зах зээлд сэргэлт ажиглагдаж хувьцааны үнэ өсч эхэлсэн байна.
“Филипп Моррис” тамхины компанийн байдал ямар байлаа? Хэрэглэгч нас барснаар тус компаниас үлэмж хэмжээний нөхөн олговор шаардсан. Улмаар компанийн хувьцаа хагас жилийн турш уналтад орсон. Шүүх хоёр тэрбумын торгууль оногдуулсны дараа “Филипп Моррис” хувьцаа дээш цойлсон юм. Учир нь тодорхойгүй байдал сайн биш ч гэсэн хөрөнгө оруулагчдад илүү тустай.
Шалтгаан №2. Хүлээлт
Хөрөнгийн зах зээл нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг илэрхийлдэг. Мэдээ заавал сайн байх албагүй. Муу мэдээ байсан ч хүлээлтээс нь дээр бол зах зээл өснө. Тухайлбал, коронавирусийн тухай үл ялиг сайн мэдээ байхад л хөрөнгийн зах зээл нэмэгдэнэ. Хэрэв сайн мэдээ гараад тэр нь хүлээлтэд хүрээгүй бол зах зээл унана.
Шалтгаан №3 Сэтгэл хөөрөл
Өсөлт эсвэл уналтын ямар ч сэтгэлийн хөөрөл байхад мэдээлэл хэнд ч сонирхолгүй. Чухал мэдээг хашгиран хэлээд гүйж байгаа хүмүүсийг зогсоож чадахгүйтэй агаар нэгэн. Гуравдугаар сард зах зээл унаж байхад үймсэн олон Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ бууруулсаныг, мөн зах зээлд хичнээн их хөрөнгө оруулсныг анзаараагүй билээ. Индексүүд 5-10 хувиар унасаар л байлаа.
Дөрөвдүгээр сард зах зээлийн өсөлтийн үеэр ажилгүйдлийн тэтгэмжийн 6 сая өргөдөл гаргахад олон нийт бас л анхаарлаа хандуулсангүй.
Эцэст нь
Зах зээлд итгэснээс өөртөө итгэх нь зөв. Эдийн засаг ба зах зээлээс цаашид юу хүлээх вэ гэдгээ ойлгохын тулд “хуурай” статистикийн тоог хүлээе дээ.
Ш.САМБУУ
URL: