Хөл хорио ба хандлага

11143

Дэлхий дахины хувьд коронавирус эдийн засгийн сорилт болохоос гадна гэр бүлийн амьдралд ч хөл хорио шалгуур болж ирлээ.

Бидний урд хөрш Хятадад гэр бүлээ цуцлуулахыг хүссэн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зарим бүс нутгуудад гэрлэлтээ цуцлуулах дараалалд хязгаарлалт тавин, өдөрт 10 гэр бүлийг цуцлана гэх зэрэг зохицуулалт хийхээс аргагүй болжээ.

Гэр бүлээ цуцлуулах хүний тоо эрс нэмэгдсэн нь Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусээс үүдэлтэй хөл хорионых хэмээн Global times сонин мэдээлжээ.

2020 оны гуравдугаар сард Хятадад гэр бүлээ цуцлуулах хосын тоо эрс нэмэгдсэн талаар гэр бүл цуцлах байгууллагууд мэдэгдсэн байна.

“Гэр бүлээ цуцлуулахыг хүссэн өргөдөл бидэнд маш ихээр ирсэн. Ер нь хаврын баярын үеэр эсвэл элсэлтийн шалгалтын үеэр гэр бүл салалт их байдаг” хэмээн Бэйлинь хотын гэр бүл цуцлах товчооны ажилтан ярьжээ.

Global Times сонины мэдээлснээр сар гаруй хугацаанд хосууд гэртээ сууцгаасан хөл хорионоос үүдэлтэйгээр гэр бүл цуцлуулах хүсэлт нэмэгдсэн гэнэ. Өмнө нь олон цагаар ажиллаж, ихэнх цагаа гэрээсээ гадуур өнгөрөөдөг байсан хятадууд энэ хугацаанд гэр бүлийнхэнтэйгээ зөрөлдөж, таагүй харилцаа үүссэн гэж эх сурвалж таамаглажээ.

Сэтгэл судлаачид хөл хорио нийгэмд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон тухай QZ.COM сайт хүргэжээ. Тэдний үзэж буйгаар шинэ коронавирусээс сэргийлэх хөл хорио нь ирээдүйд гэр бүл салалтыг огцом ихэсгэнэ гэжээ. Аливаа гамшиг гэх мэтээс шалтгаалан хосууд гэртээ удаан хугацаагаар хамт байснаар есөн сарын дараа хүн амын өсөлт мэдэгдэхүйц хурдасдаг гэдгийг Мичиганы анагаах ухааны их сургуулийн сэтгэл судлаач Данель Крүгер онцолжээ. Харин нөгөө талаас хоорондоо тийм ч сайн тохирдоггүй хосууд хөл хорионд орсны дараа салах магадлал их байдаг гэнэ. Айдас түгшүүр хүмүүсийг ихээр бухимдуулах бөгөөд бухимдсан хүмүүс хоорондоо маргалдах нь ихэсдэг.

“Түгшүүртэй цаг үе хүмүүсийг сайн нэгтгэх эсвэл бүрмөсөн салгах чадалтай” хэмээн Вашингтоны их сургуулийн сэтгэл судлалын профессор Пеппер Шуарц хэлжээ. Нэг талаасаа удаан хамт байна гэдэг хосуудыг бие биедээ итгэж, түгшүүртэй ирээдүйд ч хамтдаа байж чадна гэсэн найдвар төрүүлэн харилцааны шинэ түвшинд хүргэх боломжтой ч сөрөг тал нь хамт байх тусам итгэлийг нь даах чадваргүйг ойлгох тохиолдол бас бий. Айдас түгшүүртэй үед сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдлыг ихээр нэмэгдүүлдэг нь асар их нөлөөтэй хэмээн Шуарц тайлбарлажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдал буюу ресторан паб ажиллахгүй байгаа энэ үед Монголд ахуйн архидалт нэмэгдсэн гэдгийг цагдаагийнхан хэлж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд 4178 хүн тус төвд эрүүлжүүлэгдэж, Зөрчлийн тухай хуулиар 360 хүн саатуулагджээ.

Эрүүлжүүлэх, саатуулах төвд энгийн үед 50 гаруй иргэн ирдэг бол ачаалалтай үед 100 гаруй болж нэмэгддэг гэнэ. Нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр ачаалал ихтэй байдгаас гадна тэтгэвэр буух үеэр ахмадууд, халамж буух үеэр эмзэг бүлгийнхэн гэх мэтчилэн хэн, хэзээ орлоготой болно тэр цагтаа архи ууж, улмаар зөрчил гаргадаг гэнэ. Хөл хорионы зарим өдрүүдэд нийтээр тэмдэглэлт баярын өдрөөс дутахаахгүй дуудлага ирж байгааг мөн хэллээ.

Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Эрүүлжүүлэх саатуулах төвийн ахлах ажилтан,цагдаагийн хошууч Б.Атарбаяр “Энэ оны эхний гурван сарын байдлаар 4178 хүнийг эрүүлжүүлсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлсэн хүний тоо 129-өөр нэмэгдсэн. Мөн энэ онд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн дагуу 1880 хүнийг эрүүлжүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 93-аар өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан баар, караоке гэх мэт цэнгээний газруудын үйл ажиллагааг хязгаарласан хэдий ч ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байна”. Согтууран агсам тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, бие махбодид халдсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг дуудлагын дагуу тэднийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид баривчилж тус төвд авчирдаг.

Аливаа зүйл хоёр талтай. Хөл хорионд орсноос хойш гэр бүлүүдийн уур амьсгал сэргэж байна, гэр бүлдээ хандах хандлага нь өөрчлөгдөж байгаа хандлага бий гэж сэтгэл судлаач ярьж байна. Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй бөгөөд нийгмийн сэтгэлзүйн чиглэлээр ажилладаг. Тэрээр хөл хорионы үеэрх гэр бүлийн болон хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандлагыг судалжээ. Коронавирусийн хөл хорионы үеэр гэр бүлүүд хамтдаа хооллох цаг гаргаж зөв худалдан авалт хийх зэргээр эерэг нөлөөлөл гарч байна гэж онцоллоо.

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл

Хөл хорио ба хандлага

2019 оны дунд үед хийсэн судалгаагаар 1-2 хүүхэдтэй, 27-35 насны гэр бүлүүдийн хувьд хоолны ширээний ард бөөнөөрөө сууж хооллох тоо нь долоо хоногт гурав л байсан. Яагаад ийм цөөн юм бэ гээд шалтгаануудыг нь тоочиход замын түгжрэл, бага насны хүүхдээ эмээ, өвөөгийнхөөс нь очиж авах зэргээр гэр бүл оройн цагаар цугларахад асуудал үүсээд байгаа юм байна л даа. Ингээд хоолны ширээний ард халуун ам бүлээрээ цугларч чаддаггүй. Харин гайгүй цугларч байгаа нь зурагтын өмнө сууцгаадаг гэж хариулсан. 27 наснаас дооших, хүүхэдгүй гэр бүл нэг дор, хамтдаа хооллох магадлал өндөр. Тухайн 27-35 насны гэр бүлүүдийн хувьд гаднын хэн нэгний оролцоогүйгээр хүүхдээ өсгөж чадахгүй байна. Аль нэг талынхаа ээж аавынхаа туслалцааг авах, эсвэл нэг нь ажлаасаа гарах зэргээр асуудлаа шийдсэнээс болж нэгнийх нь нийгмийн харилцаа дутмаг болж ирэхээр гэр бүлийн асуудал үүсч эхэлдэг. Тэгэхээр энэ хөл хорио ялангуяа дээр дурдсан насны залуу гэр бүлүүдийг хамтдаа байх нөхцөлийг нь бүрдүүлж өгч байна. Гэр бүлээрээ байх, хамтдаа нэг дор байх боломжийг олгосон. Нэг дор хооллох боломжийг бас олгож байна.

С.СОСОРЖАВ, http://eagle.mn/r/71564


URL: