Роботуудад ажлаа алдах мөч ойрхон ирснийг коронавирус бидэнд санууллаа

-7942383001221271849_900_x_506

  • Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу

Роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй

2025 он гэхэд ажлын байрны 47 хувь нь бүрэн автомат хэлбэрт шилжих судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэд өдгөөгөөс таван жилийн өмнө хийсэн. Судалгааны багийнхан хамгийн түгээмэл 702 мэргэжилд дүн шинжилгээ хийхэд ойрын ирээдүйд тэдгээрийн 47 хувийг нь роботууд хийх боломжтой гэсэн дүн гарч байв. Тэгвэл дэлхий даяар тархаад буй коронавирус ажлын байр автоматжуулах явцыг улам хурдлуулсан талаар BBC бичжээ. “Хүн хоорондын амьд харилцаагүйгээр бүтэх ажил ховор гэж ихэнх нь боддог. Гэвч тэдний энэ бодлыг коронавирус өөрчилж байна” хэмээн роботуудын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар ном бичсэн Мартин Форд BBC-д ярьсан байна. Өдгөө компаниуд ажилчдаа аль болох гэрээс нь ажиллуулах, тэдний тоог цөөлж, ажлыг нь роботоор нөхөх арга замыг эрэлхийлэх болжээ. Жишээ нь Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ Wallmart коронавирусийн энэ үед роботуудаар шалаа угаалгаж эхэлсэн бол БНСУ-д роботууд иргэдийн халууныг үзэж, гарыг ариутгаж байна. Хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч робот үйлдвэрлэдэг Данийн компани бүтээгдэхүүнээ хэдэн зуугаар нь Хятад, Европын эмнэлгүүд рүү явуулах болов. Хүнсний дэлгүүр, ресторанууд ч цар тахлын үед роботуудыг ихээр ашиглаж эхэллээ. Тэгвэл вирусийн тархалт намжсаны дараа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол. Үүнийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Байгууллагууд өндөр үнээр авсан роботуудаа гудамжинд гаргаад хаячихгүй. Нэгэнт даалгасан ажлыг нь хийж чадаж байгаа бол харин ч ажилтнаа цөөлж, роботуудыг илүү ихээр ашиглах болно. Учир нь роботууд ажил тасалж алга болохгүй. Цалин нэхэхгүй, их ажил даалгалаа гэж гомдоллохгүй, эвдэрчихгүй л бол хоногийн 24 цагаар ч ажиллаж чадна гээд давуу тал их. Тиймдээ ч роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид бүр эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Өндөр хөгжилтэй орнууд робот нэвтрүүлээ л биз, тэр нь Монголд орж ирээд, бидний ажлыг булаах хүртэл өдий гэж зарим нь бодож магадгүй. Гэхдээ ингэж тайвширч суух хооронд дэлхий асар хурдтай өөрчлөгдсөөр байна. ЛэндМН гэхэд хиймэл оюунд суурилсан технологи нэвтрүүлж, олон хүн олон цаг зарцуулж хийдэг ажлыг хөнгөвчлөв. Тэр ч байтугай робот зөөгчтэй ресторан хүртэл манайд ороод ирлээ. Нэг үеэ бодвол Монголын компаниуд томорч, техник технологиор хоорондоо өрсөлдөх болсон. Угаас технологийн дэвшлийг ашигласан нь өрсөлдөөнд тэсэж үлддэг болсон дэлхий. Тиймээс технологийн дэвшил хүссэн хүсээгүй Монголд нэвтрэх болно. Коронавирус дэгдсэн энэ хэдхэн сарын хугацаанд дэлхий ертөнц ямар хурдан өөрчлөгдөж буйг бид бүгд харж байна. Энэ өөрчлөлт Монголд ч мэдрэгдэж байгаа. Гэрээсээ ямар их ажил амжуулж болдгийг бид харлаа. Байгууллагууд ч цаашид энэ чиглэл рүү явах байх. Түүнчлэн ямар ч байгууллага цахимаар хуралдаж болно гэдгийг цар тахал бидэнд харуулав. Мөн хүний оролцоо аль болох бага байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатайг сануулсан нь өөрчлөлтийн давалгаа эхлүүлэх хамгийн гол хүчин зүйл байв. Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу. Харамсалтай нь энэ тал дээр бид тун ч хол хоцрогджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувь нь бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, инженер гэсэн хэдхэн мэргэжлийг сонгосон байв. Улмаар өнөөгийн Монголд хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлага, нягтлан бодогч, түүхч, философич, улс төр судлаач, сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэргэжил хамгийн их илүүдэлтэй байгааг тэрхүү судалгаанд дурджээ. Гайхалтай нь ирээдүйд дэлхий дахинд хамгийн их эрэлттэй байх мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд Монголд хамгийн дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Хэдийгээр судалгаа нь 2017 оных ч тэр үеэс хойш нөхцөл байдал нэг их өөрчлөгдөөгүй байх. Өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх, ямар нь шаардлагагүй болохыг эртнээс тооцож, үүнийхээ дагуу боловсон хүчнээ бэлддэг. Ингэж байж технологийн эрин үед иргэдээ ажлын байрнаас шахагдах эрсдэлийг бууруулж чадна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор бол ойрын ирээдүйд нягтлан бодох бүртгэл, оёдолчин, аялал жуулчлалын менежер, хуульч, банкны теллер, кассчин, дэлгүүрийн худалдагч, такси болон ачааны машины жолооч тэргүүтэй олон мэргэжил эрэлт хэрэгцээгүй болж, роботуудад зайгаа тавьж өгнө. Харин энэ өөрчлөлтийг бид соргогоор мэдэрч, мэргэжилтэн бэлдэхдээ анхаарч байгаа бил үү. Хуульч, эдийн засагч, улс төр судлаач угаас илүүдэлтэй байхад бид жил бүр хэдэн зуугаар нь бэлдсээр байгаад хэн анхаарлаа хандуулах вэ. Энэ янзаараа бол дээд боловсролын дипломтой хүмүүст худалдагчийн ажил ч олдохоо болино. Алс холын мэт санагдаж байсан ирээдүй тун ойрхон ирснийг бидэнд ойлгуулсан нь коронавирусийн нэг ач холбогдол юм даа. “Нийтээрээ ажилгүй болж, хүн амын дундах тэгш бус байдал газар авахаас сэргийлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулах, хөдөлмөрийн хүчээ хөрвөх чадвартайгаар бэлтгэх, насанд хүрэгчдийг дахин сургах нь нэн чухал болоод байна” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хэлснийг эцэст нь сануулъя.

Засгийн газрын мэдээ


URL:

Tags: