Хөдөлгөөнт эргүүл ажилласнаар өнжмөл өвсний түймэр буурчээ
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ.
Цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай А/487 дугаар захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн газрын газрууд хамтран нийслэлийн ногоон бүс орчимд хөдөлгөөнд эргүүл хийж гүйцэтгэж байна. Хөдөлгөөнт эргүүлд нийт 1200 албан хаагч 350 техник хэрэгсэлтэйгээр 224 байршилд ажиллаж байгаа бөгөөд ирэх зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өнжмөл өвсний гал түймэр 17 удаа гарснаас Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 25 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгожээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй зорчсон 3900 орчим иргэдэд ойн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч буулгасан байна. Хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж эхэлснээр өнжмөл өвсний гал түймэр болон ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн энэ үеэс 32 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотоос гарч орох хөдөлгөөнийг түр хязгаарласан бөгөөд энэ сарын 22-ны өдрийн байдлаар хяналтын 9 товчоогоор хүндэтгэн үзэх шалтгаантай 102 иргэн аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, тархалтын цар хүрээг нэмэгдүүлэхгүйн тулд онцгой арга хэмжээ авч ажиллаж байгаа ойлгож, хүлээцтэй хандахыг иргэдээсээ хүсэж байгааг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэллээ.
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар г НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өглөө.
Одоогийн байдлаар халдвараар өвчилсөн хүний тоо 2 сая 556 мянга 745, нас барсан хүний тоо 177 мянга 619, бүрэн эдгэрсэн хүний тоо 690 мянга 93 хүн байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдол байхгүй ч АНУ, Итали, Герман, Иран, Франц, Турк зэрэг улсуудад өндөр өвчлөл бүртгэдээд байна. Монгол Улсын хувьд энэ төрлийн халдвараар өвчилсөн 35 тохиолдол батлагдсан. ХӨСҮТ-д бүгд эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1222 иргэн тусгаарлагдаж байна. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд хяналтын 9 цэгт 101 төрийн албан хаагч эрүүл мэндийн тандалт судалгааны ажил хийж байна. Энэ сарын 23-ны байдлаар нийт 11 мянга 889 иргэн судалгаанд хамрагдсан бөгөөд энэ хугацаанд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Нийслэлийн хэмжээнд коронавиурсийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 1043 төрийн албан хаагч 354 чиглэлд эргүүл хийж 951 зөрчил илрүүлэн ажиллаж байгаа аж. Олон улсад өвчлөлийн тоо өндөр байгаа учраас иргэдийг ДЭМБ-аас гаргасан заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын хэлтсийн дарга О.Энхзаяа зөвлөлөө.
Харин нийслэл Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулалт хийхэд PM 10 тоосонцорын хэмжээ 45 хувиар, PM 2.5 тоосонцорын хэмжээ 40 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаар мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй тараасан юм. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэж угаар мэдрэгчийг 4 хэсэгчлэн тарааж дуусчээ. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын хувьд иргэдийн худалдан авалт буурсан байна. Түлш үйлдвэрлэлтийн хувьд хувийн явагдаж байгаа бөгөөд ирэх өвлийн нөөцлөлтийг хийж байгаа талаар Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал мэдээллээ.
URL: