Ш.Жавхлан: Жүжигчин болох нууцхан бодол сэтгэлийн мухарт байсан
Монголын хошин урлагийн салбарт хүчин зүтгэж яваа “Маск” продакшны алаг нүдэн, адтай, авьяастай жүжигчин Ш.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр тайзыг эзэгнэж, инээдээр дүүргэж, үзэгчдийг татаж чаддаг бүсгүй. Харин бодит амьдрал дээр эгэл даруу, энгийн цоглог, хөгжилтэй, сэргэлэн цовоо, ямар нэгэн маскгүй өөрийнхөөрөө байж чаддаг гайхалтай эмэгтэй юм.
-Багадаа урлагийн авьяастай охин байсан уу?
-Миний бага насны дурсамжтай сайхан бүхэн Шарын голтой холбоотой үлдсэн. Цэцэрлэгт байхдаа мондалин хөгжим тоглож сурсан. Мөн дуулна, шүлэг уншина, цэнгээнт бүжиг бүжиглэдэг байв. Сургуульд ороод ятга хөгжим болон Дорж багшийнхаа “Улаан бүч” ардын бүжгийн дугуйланд явж эхэлсэн. Гэхдээ манай гэрт надад нөлөөлөх урлагийн нэг ч хүн байгаагүй. Тэгсэн хэрнээ би яагаад ч юм мэдэхгүй урлагийн хүн болчихсон.
Бага ангид байхдаа Дархан руу олимпиадад орох гэж их явна. Харин дунд ангид ороод аэробик, хөнгөн атлетикаар сонирхож хичээллэсэн. Үүнээс гадна сагсны тэмцээнд байнга орно. Бас болоогүй ээ, реп бүжгийн аймгийн тэмцээнд Дархан руу явж хоёрдугаар байрт шалгарч, торт шаараар шагнуулж байсан. Тэр үеийн дурсгалтай зураг одоо ч надад байдаг. Мөн сагсны аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Дарханд очиж ордог байлаа. Харин сагсны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд орж үзээгүй. 1997 онд манайх Шарын голоос Улаанбаатар хот руу шилжсэн. Хотод ирээд “Ирээдүй” цогцолбор сургуульд орлоо. Сургуулийнхаа сагсны багийн ахлагч хүртэл болсон.
Түүний дараа СУИС-д ороод сургуулийнхаа сагсан бөмбгийн тэмцээнд оролцож байлаа. СУИС-ийг төгссөний дараа ТВ-9 телевизэд ажиллаж байх үедээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын сагсны тэмцээнд ордог болсон. Манай баг хоёр ч удаа гуравдугаар байрт шалгарсан. Би холын зайн шидэлтийн аварга хүртэл болж байлаа. Сүүлд “Маск” продакшны жүжигчин болсны дараа хошин урлагийн продакшнуудын сагсны тэмцээнд орж гурван онооны шидэлтийн аваргаар шалгарч байсан. Сагсан бөмбөгийн спортоор хичээллэх боломж байгаагүй ч сагс тоглох үнэхээр дуртай.
-Жүжигчин болох багын тань мөрөөдөл байв уу?
-Хүүхэд байхад хүсэл сонирхол олон удаа солигдсон. Эхлээд багш болно гэж боддог байлаа. Дараа нь бодол өөрчлөгдөөд эмч болох мөрөөдөлтэй болов. Сүүлд эгчийгээ дагаад ХУИС-д орж хэлний чиглэлээр явах санаатай байлаа. Орос хэл суурьтай болохоор гадаад хэлний чиглэлээр суралцах боломж бий гэж бодсон. Түүний дараа сэтгүүлч болох мөрөөдөлтэй боллоо. Ингэж мөрөөдөл өөрчлөгдөж явж байгаад жүжигчний мэргэжлийг сонгочихсон.
Ер нь жүжигчин болох юм сан гэсэн нууцхан бодол сэтгэлийн мухарт байсан. Тэгээд СУИС-д бүртгүүлээд шалгалт өгөхөөр болов. Бүртгүүлсэн хүүхдүүдээс гурван удаагийн түүвэр шалгалт авсан юм. Эхний түүвэр шалгалтад ганцаараа очсон. Дуу, бүжиг, шүлэг, хөдөлгөөний эвсэл, сунгалт зэргийг үзсэн болохоор гайгүй. Сүүлийн шалгалтад аав, эгч хоёр цуг явж тус дэм болов. Монолог, ёгт үлгэр, этюдийн талаар би ямар ч ойлголтгүй байсан.
-СУИС-д хэн багшийн ангид оров?
-1999 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч С.Сугар багшийнхаа шавь нь болж ороод 2003 онд СУИС-ийг төгссөн. Намайг СУИС-д шалгалт өгөхөд С.Сугар багш байгаагүй юм. Ардын жүжигчин Ц.Гантөмөр, “Х ТҮЦ”-ийн найруулагч Ч.Найдандорж, Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Р.Уртнасан, Атараа багш нар элсэлтийн шалгалтыг авсан. Тэгсэн чинь есдүгээр сарын 1-нд С.Сугар багш ирээд дахин шалгалт авч биднийг шүүсэн. Ингэж СУИС-д хоёр удаа шалгалт өгсөн.
-Танай СУИС-ийн ангиас одоо олонд танигдсан жүжигчин гэвэл хэн, хэн байна вэ?
-Манай ангийн олонх нь телевизийн салбарт ажиллаж байгаа. Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин хийдэг. Харин тайз, дэлгэцийн уран бүтээл хийж яваа гэвэл “ТВ коктейл”-ийн Б.Энхбаяр, Э.Цолмонбаяр, кино жүжигчин Р.Анхням, Хүүхэлдэйн театрын Ц.Эрдэнэцэцэг, “Эрхэм элч”-ийн Б.Даваажав бид хэд л байна.
-Оюутан байх үеэсээ л кинонд тоглосон уу?
-Бид жүжиглэх урлагт суралцаж эхэлж байсан болохоор кино болон жүжигт тоглох хориотой байв. Багш нар сургуулиа төгсчихөөд дуртай кино, жүжигтэй тоглож болно гэж хэлнэ. Гэхдээ бид киноны олны хэсэгт маш олон удаа оролцсон. Олны хэсэгт оролцон тоглосон зарим киногоо одоо үзэж байхдаа тээр тэнд би байгаа шүү дээ гэж ярьдаг. Оюутан байх үед “Оюутны амьдрал” гэдэг кинонд цөөхөн хором үг хэлсэн байдаг. Дэлгэцэнд тод танигдахаар гарч байгаа нь тэр.
-Кинонд дүр бүтээгээгүй гэхээр дипломын ажлаа ямар дүрээр хамгаалав ?
-Манай ангийнхан Төрийн хошой соёрхолт Д.Намдагийн “Оролмаа эх” болон Н.В. Гоголийн “Байцаагч түшмэл” гэсэн хоёр жүжгийн дүрээр дипломын ажлаа хийсэн. Миний хувьд “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевнагийн дүрээр дипломын ажлаа хамгаалсан.
-Сургуулиа төгсөөд ТВ-9 телевизэд ажилд орсон уу?
-Би сургууль төгсөхийн өмнө бие давхар болсон. 2003 оны хоёрдугаар сард ээж болж байлаа. Төрсний дараа надад дипломын ажлын бичвэр хийх сарын хугацаа үлдсэн байлаа. Тэр хугацаанд амжуулж дипломоо бичсэн. Намайг сургууль төгсөх үед ТВ-9 телевиз байгуулагдаж байсан үе таарсан юм. Кино албаны даргаар нь жүжигчин Н.Долгор эгч томилогдон ажиллаж байсан. Н.Долгор эгч С.Сугар багштай ирж уулзаад “ТВ-9 гээд шинэ телевиз байгуулагдаж байгаа.
Танай төгсөлтөөс кинонд дуу оруулагч, жүжигчин авмаар байна. Бидэнд санал болгох хүүхэд байна уу” гэсэн. Тэгээд багш намайг санал болгосон юм. Манай ангийн Б.Энхбаяр кинонд дуу оруулагч хийж байгаад оюутан болсон. Б.Энхбаяр ажилтай, цалинтай анги дотроо ганц орлоготой оюутан байв. Түүний цалин буух үед манай ангийнхан их баярлана. Б.Энхбаяр цалин буух үеэрээ ангийнхаа охидыг нэг, нэгээр нь дагуулж явж хоолонд даана. Бид ёстой нэг цадталаа хоол иддэг байж билээ. Оюутан байхдаа бид орчуулгын кинонд дуу оруулдаг байсан. Олон хүн бидэнд тусалж дэмждэг байв. Тийм болохоор ТВ-9-ийн кино албанд дуу оруулагч, жүжигчнээр ажиллахад арай дөхөмтэй байлаа.
-Хошин урлаг руу яагаад, юунд татагдаад орсон юм бэ?
-Би ТВ-9-д ажиллаж байгаад МҮОНТ-ийн кино алба руу шилжсэн юм. Тэнд ажиллаж байхад нэг өдөр МС Мөнхсайхан ах над руу залгасан. Манай “Өнгөт инээд”-ийн гурван жүжигчин. “Маск” продакшныг шинээр байгуулан ажиллах гэж байгаа. Өөрийг чинь танай ангийн Цоомоо, Б.Энхбаяр хоёр санал болгосон. Ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тухайн үед МҮОНТ-д нэрт дуу оруулагч Цэнпилмаа, Дарамсүрэн, О.Оюун, Д.Батцэцэг, Ялалт, Энхбаяр, гээд олон чадварлаг дуу оруулагч, жүжигчин ажиллаж байсан. Эгч нарт болон хамт олондоо энэ талаар хэллээ. Тэд бүгд их уриалхан хүлээж авч дэмжсэн.
“За миний дүү яв, чи залуу хүн. Энэ чинь сайхан санал байна. Тайзан дээр гарна гэдэг сайхан. Энэ боломжийг битгий алд. Очоод уулзаад үз” гэж дэмжсэн. Тэгээд тэднийхээ зөвлөгөөг дагаад “Маск” продакшн дээр ирж уулзсан. “Маск”-ийн ах нар эхлээд ярилцлага хийгээд, гадаад имиж, төрх харсан. Тэгээд “За өнөөдрөөс бэлтгэл, сургуулилалтад оролцоод явна шүү” гэдэг байгаа. Гэнэтийн тийм шийдвэрийг сонсоод бараг л шоконд орох шахсан.
Гэхдээ надаас гадна КУДС-ийн төгсөгч Болороо гэдэг охин байсан юм. “Маск”-ийн ах нар “Анхны тоглолтын дараа та хоёрын аль нэгийг сонгож авна. Тэгэхээр та хоёр туршилтын хугацаанд ажиллаж байгаа гэж ойлгоорой” гэж хэлсэн. Ингээд анхны тоглолтод нь орлоо. Тоглолтын дараа “Бид чамайг сонголоо. Чи манай үндсэн жүжигчин боллоо” гээд гэрээ байгуулсан.
-“Маск” продакшны анхны тоглолтод ямар дүрд тоглож байсан бэ?
-Яг юунд тоглосноо санадаггүй юм. Олны хэсэгт, туслах дүрд л тоглосон байх. Нэг их олон хувцас солиод гарч байлаа. Сандарч, самгардаад гүйж явсан. Нэг мэдсэн чинь тоглолт дуусчихсан байж билээ. Ер нь тайз, дэлгэцийн урлаг хамтын хүч хөдөлмөрөөр бий болдог. Тийм ч учраас олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн уран бүтээл болдог. Юугаа ч мэдэхгүй сандарч явсан би тэдэнд бага боловч тус дэм л болсон байх.
-Хошин урлагийг тухайн нийгмийнхээ тусгал гэдэг. Гэтэл мэргэжлийн уран бүтээлчид хошин урлагийн жүжигчдийн уран бүтээлийг үгүйсгэдэг. Драмын жүжигт тоглож байж сайн жүжигчин төрнө гэх нь бий?
-Наад үгийг чинь жүжигчид арай ч хэлээгүй байх. Урлаг ойлгодоггүй хүмүүсийн дэл сул яриа болов уу. Тэрнээс биш мэргэжлийн уран бүтээлчид бусдыгаа үгүйсгэн ингэж ярихгүй. Урлаг гэдэг агуу том салбарыг бүрдүүлж байгаа нэг жижиг эд ширхэг нь хошин урлаг. Дэлхий дахинд хошин урлагийн салбар, төрөл урсгалууд амжилттай хөгжиж байгаа. Манай өнөөдрийн нийгмийн өнгө төрх угаасаа ийм л инээдтэй, эмгэнэлтэй байна.
Нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлийг инээдээр дамжуулж ил тодоор, уран сайхны аргаар илэрхийлэн шоглон гаргаж үзэгчдэд ойлгуулахад хошин урлагийн үүрэг их. Тэр үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чадаж байгаа болохоор өнөөдөр хошин урлаг Монголд амжилттай хөгжиж байгаа. Хүмүүс ярьдаг л даа. Хошин урлагийн муусайн алиа салбадай нар гэдэг. Тийм биш байхгүй юу. Бид мэргэжлийг сургуульд нь сурч төгсөж жүжигчний мэргэжлийг эзэмшсэн. Тийм байхад, бусдын мэргэжлийг ингэж доромжилж болохгүй. Харин ч хүнийг уйлуулхаас илүү инээлгэх нь хэцүү байдаг. Хүнийг инээлгэхийн тулд асар их ухаан хэрэгтэй.
Маш их юмор шаардана. Мэргэжлийн жүжигчин бүхэн тэр болгон хошин урлагт тоглоод байдаггүй юм. Жүжигчин хүнийг хошин урлаг маш сайн задлан, нээж өгдөг. Жүжигчний мэргэжил эзэмшээд драмын театрт орохыг бүгд л хүсэж мөрөөддөг. Драмын театрт орсон бүхэн сайн жүжигчин болоод ч байдаг юм биш. Тухайн жүжигчний өөрийн авьяас чадвараа дайчилж, хэрхэн зөв хөгжүүлж байгаагаас шалтгаалах зүйл. Урлагийн энэ салбар, төрөл, жанр нь сайн, тэр нь муу гэж хэлж болохгүй. Тухайн жүжигчинд аль жанр нь таарч тохирох вэ. Алийг нь сонгох вэ гэдгээс хамааралтай.
-Шог зохиол байхгүй болсон гэж ярих нь бий. Үзэгчдийн сонирхлыг татах, цаг үедээ нийцэх, хошин үзүүлбэр алга. Хошин урлагийнхан нэг сэдэв дээр тойрон эргэлдээд байна. Үзэгчид инээхгүй байна гэх юм ?
-Шог, хошин зохиол бараг л байдаггүй. Байгаа хошин жүжгийн зохиолыг бид авч тоглоод дууссан. Шинээр гарч байгаа хошин зохиолууд шаардлага хангадаггүй. Тэр зохиол дээр заавал нэмэлт, хачир нэмж байж үзэгчдэд хүргэх нь бий. Зохиолыг барьж, зохиол дээр тулгуурлан гаргасан номер манайд олон бий. Монголд анх хошин урлаг хөгжиж байхад шог зохиолын хомстол байсан. Одоо ч хэвээрээ үргэлжилж байгаа.
Байхгүй шог зохиолыг бид байлгах гэж ажиллаж байна. Шог зохиолчид бичээд өг л дөө. Үнэхээр цаг үеэ мэдэрсэн, үзэгчдийг инээлгэх сайн зохиол байвал бид аваад уран бүтээл хийнэ. Бид дэлхийн сонгодог шог зохиолоос хэсэгчлэн авч номер хийдэг. Монголд анх хошин урлаг хөгжих эхлэлээ тавьж байсан 30 жилийн өмнөх үеийг бодвол, өнөөдөр хошин урлаг боломжийн хэмжээнд хөгжөөд л явж байна. Үүнээс илүү хэмжээнд хөгжих ёстой. Хөгжих ч болно.
-Телевизийн инээдмийн шоу нэвтрүүлэг их байна. Комеди хийдэг клубүүд бий боллоо. Зарим хүмүүс шар айраг уух зуурын зугаа стэнд ап наргиа, хошин урлагийн нэр хүндийг унагаж байна гэдэг. Комеди хошин урлагийн нэг төрөл урсгал нь мөн үү?
-Комеди бол мэргэжлийн бус хошин урлаг сонирхогчдын хийдэг төрөл жанр. Хошин урлаг, комеди клаб хоёр өөр зүйл. Хүмүүс нэг зүйл мэтээр ойлгоод байх шиг байна. Комеди бол эрх чөлөөг хэтрүүлсэн, өвөрмөц содон байдгаараа зарим хүмүүсийн анхаарлыг татдаг байх. Комеди хийж буй залуус хэн нэгэнд тохиолдсон хөгжилтэй явдлыг жаахан давс, хачир нэмэн ярьж бусдыг хөгжөөн, алжаалыг нь тайлж байна.
Үүнд буруу зүйл байхгүй. Харин энэ төрөл жанрыг Монголд хөгжүүлж байгаа нь сайшаалтай. Би хувьдаа дэмжинэ. Гэхдээ би газар дээр нь очиж үзэж амжаагүй яваа. Комеди хөгжих эхлэлээ тавьж байгаа болохоор алдаа, оноо байлгүй яах вэ. Тэр бүх алдаагаа соргогоор мэдэрч, засаж залруулаад явах ёстой. Анх гарч ирэхдээ жаахан эвгүй байсан. Бүсэлхийнээс доош сэдвийг голчлон ярьдаг. Тэр сэдвээсээ хальж чадахгүй яваад байлаа. Гэтэл одоо сэдвийн хувьд хүрээгээ тэлсэн. Гадаадын комедиг орчуулан хийж байна. Ёс зүйн хэм хэмжээг барьж эхэллээ. Энэ бол дэвшил.
Ер нь хошин урлаг, драмын жүжигчин, комеди клаб, кино дэлгэцийн урлагийн аль нь ч ялгаагүй бие, биенээ дэмжиж ажиллах нь чухал. Манайхан чинь тамын тогооны үлгэр шиг хэн нэгнийг шинэ юм хийхээр бие, биенээ шүүмжлэн унагахыг хичээх юм. Шүүмжлэхээ хамгийн түрүүнд тавиад байдаг. Мэдээж шүүмжлэлээс авах, гээх зүйл их бий. Гэтэл хүмүүс ихэнхдээ хар бараан энергийг нийгэмд цацаад, бусдыг бухимдуулаад байна. Өнөөгийн манай нийгэм, хүмүүсийг бухимдуу, стресстэй болгоод байгаа.
- Анх ямар кинонд дүр бүтээж байв. “Сайн аав” киноны дүр хүмүүст их хүрсэн. “Би ээж болмоор байна” киноны гол дүрд тоглосон байх аа ?
-“Go”-ийн студийн Д.Галбаяр найруулагчийн “Хайрын рекорд” кинонд анх тоглосон. Үүнээс өмнө кинонд олны хэсэгт тоглосон гэвэл зөндөө бий. Харин “Сайн аав” кино бодит хүний амьдралыг харуулсан. Манай Бүжээ найруулагч тэр хүний эхнэртэй нь холбогдож байгаад зохиолоо бичсэн юм билээ. Энэ киноны үйл явдал нь бодит хүний амьдралын түүхийг бараг 80-90 хувьд нь харуулж, уран сайхны хэлбэрээр баяжуулсан бүтээл. Тэр хүний том охин миний том охин болж тоглосон. Эхнэр нь өөрийнхөө дүрд намайг тоглуулах санал гаргасан юм билээ. Надад үнэхээр сайхан санагдсан. “Би ээж болмоор байна” кино Г.Дарханбаяр, Г.Дарханбат хоёр ихэр найруулагчийн “Twins” фильмийн бүтээл байгаа юм.
Тус кинонд Наараатайгаа хамт тоглосон. Нөхөр нь хөдөө явчихсан бүсгүй мухар сүсэгт итгэж, хөглөж буйг харуулдаг. Тэд хоногийн дотор хүүхэдтэй болохгүй бол энэ яваа насандаа үрийн зулай үнэрлэхгүй гэж хэлсэн хүний үгэнд итгэдэг гэнэн бүсгүй. Ер нь бодит амьдрал дээр ийм бүсгүйчүүд байдаг. Өөрийн гэсэн шийдвэр гаргаж чаддаггүй, бусдын болон найзынхаа үгийг үнэн гэж итгэн, сохроор дагадаг эмэгтэйчүүдийн дүр.
-“Хартай бол хайртай”, “Анчид” кино, мөн телевизийн цуврал “Их хотын залуус”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Гэрлэн дохио” киноны дүрүүд гэвэл?
-“Их хотын залуус” кинонд санаа муутай хойд ээжийн дүрд тоглосон. “Гэрлэн дохио” кинонд онгоцны үйлчлэгч бүсгүйн дүр дээр ажилласан. Түүний дараа жил “Бүсгүйчүүд хайрын хүснэ” кинонд тоглосон. Харин “Анчид” киноны дүр баян айлын эрх, танхил, гэнэн охины дүр байгаа юм. “Хайртай бол хартай” кино Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг ахын хамгийн анхны бие дааж хийсэн кино. Тэр мундаг хүн намайг тоож кинондоо тоглуулсанд баярлаж явдаг. Аси ахынхаа эхнэр нь болж тоглодог. Би уран бүтээл болгоноос байнга суралцаж, өсөж, дэвжиж хөгжихийг хүсдэг. Жүжигчин хүн жүжиглэх урлагийг төгс эзэмшинэ гэж байдаггүй. Байнга суралцаж, шинэ уран бүтээлийн ард гарахдаа заавал нэг зүйлийг сурч мэдэж авах ёстой. Тэгж байж ур чадвар өсөж, хөгжиж, дээшилнэ
-“Маск” продакшны анхны жүжигчид тарж бутрахгүй одоо болтол яваад байгаагийн нууц нь юунд оршдог вэ?
-Нууц гээд ч байх юу байх вэ дээ. Бие биенээ хүндэтгэж харьцдаг харьцаа манай хамт олныг улам нягтруулж өгдөг. Магнай, МС, Заанаа энэ гурван ах минь “Маск” продакшны тулгын гурван чулуу болдог. Бид ч гурван ахыгаа ингэж хэлдэг. Гурван ах бие биенийхээ дутууг нөхөн, дүүргэж чаддаг. Бид нар энэ гурван ахынхаа зааж сургаснаар явж байгаа.
Үндэсний шуудан
URL: