“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтныг АТГ-т шалгаж эхэллээ
“Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх бүхий албан тушаалтан болох Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Бодьцэцэгийг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Түүнийг дээрх компаниас зарласан тендерийг будилаантуулж, МАН-аас нийслэлийн ИТХ-д сонгогдсон нэгний хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгосон тухай гомдол тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс гаргасны дагуу ийнхүү шалгаж эхэлсэн юм байна. Гэвч энэ мэдээллийг гаргаж болохгүй тухай “Эрдэнэс Тавантолгой”-нхон гэрээтэй зарим хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа хэлсэн сурагтай.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Уурхайн хотхон, уурхайн бүс болон төв оффист катеринг үйлчилгээ үзүүлэх” тухай тендерийг 2019 оны гуравдугаар сард ЭТТ/201901203 дугаартайгаар зарласан байдаг. Гэвч тухайн тендерийг дүгнэлгүй, хүчингүй болгожээ. Чухам ямар шалтгаанаас болж гурван удаа хүчингүй болгож, дүгнээгүй вэ гэдэг нь тодорхойгүй. Тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Шаардлага хангаагүй оролцогч “Монгол маркет” компанийг шалгаруулахын тулд Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Бодьцэцэг тэргүүтэй хүмүүс удаа дараа хүчингүй болгож байгаа бололтой” хэмээн хардаж буй юм билээ. Дээрх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дүгнэхгүй байснаар одоо “Эрдэнэс Тавантолгой”-н уурхайн бүсэд ажиллаж байгаа “Монгол маркет” компанид давуу байдал ч үүсгэсэн гэхэд хилсдэхгүй. АТГ-ынханд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс гаргасан гомдолд “Сонгон шалгаруулалтыг дүгнэлгүй, хүчингүй болгосноос болж захиалагч “Эрдэнэс Тавантолгой” ХК нь тухайн үеийн гүйцэтгэгч “Монгол маркет” ХХК-тай гэрээг сунгаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн.
Хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь ЭТТ/202001039 тоот “Эрдэнэс Тавантолгой” ХК-д катерингийн үйлчилгээ үзүүлэх” ижил төстэй тендер зарлаж, сонирхсон аж ахуйн нэгжүүд оролцох хүсэлтээ гаргаж, материалыг нь худалдан авсан боловч хэт нэг талыг барьж тендер шалгаруулалтын өгөгдөлийн хүснэгт бэлджээ. Мөн 2019 онд зарласан ижил төстэй тендерийг амжилтгүй болгосон нарийн бичиг Д. Бодьцэцэг Үнэлгээний хорооны нарийн бичгээр дахин ажиллаж байна. Бид уг Үнэлгээний хороог ашиг сонирхлын зөрчилтэйгөөс гадна тухайн тендерийг үнэлэх чадамжгүй гэж үзэж байна” хэмээн онцолсон байв.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендер шалгаруулалтын өгөгдөлийн хүснэгтэд “Cүүлийн таван жилийн дотор гурваас доошгүй жилд нь хоногт 200 хүнээс багагүй хүнд катерингийн үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх, ижил төрлийн үйлчилгээний үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлагатай байх”-ыг шаарджээ. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдөх эрхийг нь хязгаарласан заалт гэж компаниуд үзэж буй аж.
Мөн “Сүүлийн гурван жил буюу 2017, 2018, 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт ирүүлэх. Эдгээр оны борлуулалтын орлогын дундаж нь тендерийн нийт үнийн дүнгийн 15 хувиас багагүй байх”-ыг шаардсан нь оролцогч аж ахуйн нэгжүүдийн хардлагыг төрүүлж буй гэнэ.
Ижил, төстэй бусад тендерт борлуулалтын орлогын дундаж нь тендерийн нийт үнийн дүнгийн 30-50 хувиас багагүй байх гэж заасан байдаг атал зориуд ийнхүү 15 хувь болгон бууруулж оруулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тендерийн үнэлгээний хорооныхон болон тус компанийнхан тендерийн бичиг баримтыг хэн нэгэнд зориулж боловсруулсан нь илт мэдэгдэж байна гэж сонгон шалгаруулалтад оролцохоор бичиг баримтыг нь худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл АТГ-т гаргасан гомдолдоо онцолжээ.
“Эрдэнэс Тавантолгой”-н дээрх тендерт давуу байдалтай оролцож байгаа хэмээн бусад оролцогч аж ахуйн нэгжийн төлөөлөл хардаж буй “Монгол маркет” компанийн хувьд Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, Хот тохижилтын газрын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийн эзэмшлийнх аж. Түүний ХАСХОМ-ээс үзвэл “Монгол маркет”-аас гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 4288 ширхэг хувьцааг эзэмшдэг юм билээ.
МАН-ын эрх бүхий албан тушаалтнууд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн хөрөнгөөс намынхаа нөлөөтэй хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгож буйн нэг жишээ энэ байхыг ч үгүйсгэхгүй гэж тендерт оролцогчид үзэж байгаа юм. АТГ-т шалгуулах болсон Д.Бодьцэцэгийн нөхөр Б.Ундрам нь ЗГХЭГ-ын Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газрын захирлаар ажилладаг нэгэн бөгөөд эдгээр холбоогоороо тус намын эрх бүхий албан тушаалтны үүргийн дагуу “Монгол маркет”-д давуу байдал олгож байгаа болов уу хэмээн хардаж буйгаа тендерт оролцогчид гомдолдоо дурдсан гэнэ.
Өдгөө АТГ-ынхан дээрх асуудлыг хэрхэн шалгаж шийдвэрлэхийг харах л үлдлээ.
https://www.facebook.com/369847406915350/photos/a.369945873572170/663619120871509/?type=3&theater
URL: