Б.Ууганбаяр: Энэ сарын 30-ны нислэгээр зөвхөн дамжин өнгөрөх буюу транзит нислэгийн зорчигчдыг авч ирнэ
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр ”Тусгай үүргийн нислэг үйлдэх гэж байгаатай холбогдуулан иргэдээс өргөдөл ирж байна. Өргөдлийг хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилсон. Шадар сайд, ГХЯ-нд өргөдөл маш их очиж байна. Тэгэх шаардлага байхгүй. Өргөдлийг УОК-ын Шуурхай штабт өгөх ёстой.
Энэ сарын 30-ны нислэгт зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит нислэгийн зорчигчдыг авч ирнэ. Учир нь ирэх гэж байгаа иргэдийн тоо олон. Мөн Сөүлээс ирэх иргэдтэй холихгүйн тулд ийм шийдвэр гаргалаа. Тавдугаар сарын 1-ний нислэгээр Сөүлд байгаа иргэдээ авч ирнэ. Харин тавдугаар сарын 2-ны нислэгийг Германы Франкфуртээс хийж, Европт байгаа иргэдээ авч ирнэ.
Зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг тодорхой үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа Олон Улсын ачаа тээврийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Алтанбулагийн боомтод ирсэн бүх тээврийн жолооч нараас шинжилгээ авна. Шинжилгээний хариу гарсны дараа сөрөг гарвал Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдүүлнэ. Эерэг гарвал шууд Сэлэнгэ аймагт тусгаарлана” гэв.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Гадаадад байгаа маш олон иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн байгаа. АНУ, Австралиас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийн тоо гэхэд 3000 гарчихсан байна. Эдгээр иргэдэд энэ сарын 30-нд хийх нислэг боломж олгож байна гэсэн үг.
Шинэ бүртгэл ЭСЯ-дад хийхгүй. Өмнө нь ирсэн өргөдлүүд дээр анализ, дүгнэлт хийгээд өмнө нь тавьсан шаарлагуудаа харгалзан үзээд нэрсийн жагсаалтыг гаргана. Ингээд баталгаажсан нэрсээ ЭСЯ-дуудад хүргүүлнэ. Нэр нь баталгаажсан иргэд МИАТ-тэй холбогдоно. Мөн тусгаарлах байрны төлбөрөө төлөх ёстой” гэв.
URL: