Германд амны хаалт заавал зүүх журам батлагджээ
Германы холбоонд багтдаг бүх муж өөрийн иргэдэд амны хаалт заавал зүүлгэх журмыг хэрэгжүүлэхээр санал нэгджээ. Өнгөрсөн долоо хоногт Германы канцлерь Ангела Меркель хорио цээрийн дэглэмийг сулруулах төлөвлөгөөгөө танилцуулахдаа амны хаалтыг заавал зүүх журамтай болохыг бүх мужуудад уриалсан байна. Бремэн муж хамгийн сүүлд уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвшөөрч, сенат нь Баасан гарагт шийдвэр гаргахаар болсон байна.
Ингэснээр Герман даяар иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо болон дэлгүүрт үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх болж байгаа юм.
Германы эрүүл мэндийн хүрээлэн өчигдөр Covid-19 өвчний эсрэг вакцины туршилтыг хүн дээр явуулах зөвшөөрөл өгсөн байна. Уг туршилтад 18-аас 55 насны сайн дурын 200 орчим хүн АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниудын бүтээсэн вакцины туршилтад орох ажээ.
Амны хаалт зүүх журам Германы бүх 16 мужид янз бүрийн нөхцөлтэй хэрэгжих юм. Умард бүсийн Мекленбург-Баруун Померани мужид нийтийн тээвэрт амны хаалтгүй зорчсон хүнийг 25 еврогоор торгох шийдвэр гарсан байна.
Бүх мужид нийтийн тээвэрт заавал зүүх журам адил хэрэгжих бол ганцхан Берлинд дэлгүүрт амны хаалт заавал зүүх албагүй байгаар зохицуулжээ. Бусад мужууд торгуулийн хэмжээгээ хараахан тогтоогоогүй байгаа гэнэ. Амны хаалт заавал зүүх журам ирэх Даваа гарагаас Герман даяар хэрэгжиж эхэлнэ. Герман улсад сүүлийн байдлаар коронавирусийн халдварын 145,694 тохиолдол бүртгэгдэж, 4,879 хүн нас бараад байгаа.
Эх сурвалж: BBC
URL: