Зиданы сонирхсон хөлбөмбөгчдийн жагсаалтын тэргүүнд Погба бичигдэж байна

534

Хөлбөмбөгийн зуны солилцоо наймааны цонх нээгдэхэд сар гаруйн хугацаа үлдээд байгаа. Тиймээс Европын том багууд авахыг хүссэн тоглогч руу дайралт хийхэд бэлтгэж эхэлжээ. Испанийн алдарт “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Зинедин Зиданы солилцоо наймааны гол “бай” нь “Манчестер Юнайтед”-ын хагас хамгаалагч Пол Погба хэвээрээ байгаа аж.

RMC Sport-ийн сэтгүүлч Фредерик Хермелийн үзэж байгаагаар Зидан энэ жил 27 настай Франц эрийг багийнх нь дунд бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй хэвээр байгаа ажээ.  “2019 оны 3-р сард Зидан “Реал”-ын Ерөнхийлөгч Флорентино Перезтэй багийн дасгалжуулагчаар ажиллахаар болбол авах 5-6 тоглогчийн жагсаалтыг гаргаж байсныг бид мартах ёсгүй.

Тэр жагсаалтад Погба Эдин Азараас ч эхний сонголт байхаар бичигдсэн. Перез түүнд амлалт өгсөн. Гэвч “Манчестер Юнайтед” 150 саяыг нэхсэн учир Перез Погбагийн төлөө тийм их мөнгө зарцуулахыг хүсээгүй” хэмээн Хермел бичжээ.

Зидан энэ зун багийнхаа хагас хамгаалалтын шугамыг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн хэвээрээ байгаа бөгөөд Погбаг авах бодлоо ч орхиогүй аж.  Илүү хурдтай, динамик тоглолт үзүүлэхийн тулд Франц хөлбөмбөгчнийг авах ёстой бөгөөд тэгвэл “Реал” дахин хүчирхэг баг болно гэж үзэж байгаа ажээ.


URL: