COVID-19: Буриадад хүссэн хүн бүр төлбөртэй шинжилгээ өгч болно

514

Буриадад хүссэн хүн бүр COVID-19 вирус илрүүлэх шинжилгээг төлбөртэй өгөх боломжтой болсон талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Лабораторийн шинжилгээг Буриадын Н.А.Семашкогийн нэрэмжит клиникд хийх юм байна.

“Төлбөртэй шинжилгээг халдвар авсан хүмүүстэй хавьтаагүй, тахал гарсан бүс нутагт зорчоогүй, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй эрүүл хүмүүст л хийнэ” хэмээн  Буриадын Эрүүл мэндийн сайд Евгения Лудупова онцолсон байна.

Харин амьсгалын замын хурц үрэвслийн шинж тэмдэгтэй, тахал гарсан гадаадын орнууд болон халдвар бүртгэгдсэн Оросын бусад бүс нутгуудаас ирсэн хүмүүс, эрсдлийн бүлэг болон өвчний шинж тэмдэгтэй хүмүүсийг урьдын адил үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах аж.

Буриадын Эрүүл мэндийн яамны онцолсноор төлбөртэй шинжилгээ авах үйлчилгээ нэвтэрснээр өвчинтэй хүмүүсийг илрүүлэх хурдада нөлөөлөхгүй гэнэ. Түүнчлэн шинжилгээнд шаардлагатай тестийг төсвийн хөрөнгөөс гаргахгүй гэдгийг онцолжээ.

“Хүссэн хүн бүр төлбөртэй шинжилгээ өгдөг болох талаар бид олон санал хүсэлт хүлээн авсан. Улсын эмнэлгийг түшиглэн титэм вирусийг илрүүлэх шинжилгээ авч эхлэхэд бид бэлэн байна. Өвчлөлийн ямар нэг шинж тэмдэг илрээгүй, халдвар авсан хүмүүстэй хавьтаагүй хүмүүс өөрсдийгөө тайвшруулахын тулд шинжилгээ өгөх хүсэлтэй бол төлбөртэйгээр үйлчилгээ авч болно. Харин амьсгалын замын хурц үрэвслийн шинж тэмдэг илэрсэн хүмүүс хаашаа ч гаралгүй, гэртээ байж, эмч дуудах хэрэгтэй. Зөвхөн эрүүл хүмүүст төлбөртэй шинжилгээ хийнэ гэдгийг онцолж байна. Хүн бүрт сонголт байх ёстой, тиймээс бид энэ сонголтыг гарган өгч байгаа юм” хэмээн Буриадын Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 10-аас дээш хүн шинжилгээ өгөх байгууллагууд дээр эмнэлгийн мэргэжилтнүүд дуудлагаар үйлчилгээ үзүүлж, шинжилгээ авах бөгөөд тэдний үйлчилгээ нь аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан байх гэнэ.

Шинжилгээг урьдчилан захиалга авч хийнэ, төлбөр нь 979 рубль буюу монгол мөнгөөр 33,4 мянган төгрөг байх аж.

 

Г.Бямбасүрэн


URL: