Ж.Батзандангийн попрол бай-гаа байтугай банзаа ч оносонгүй

494

Сонгууль ойртож намуудын  зарласан хайр цар цахлын дуулиан дунд нялхарч өгөхгүй замхарч мартагдаад байх шиг байна. АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгийн иргэн бүртээ  1.2 сая төгрөг өгөх, намын дарга С.Эрдэнийн гадаадад байгаа иргэддээ сар бүр 500 ам долларын тэтгэмж олгох зэрэг  “иргэнсэг” шаардлага хүсэлт  хаврын хавсарганд хаашаа ч юм хийсч одов бололтой. Мартагдаж байна.

АН-ын “ах” нарынхаа  жишгийг  улс тарийн отгон хүчнүүдийн  нэг ШИНЭ намынхан үргэлжлүүлэв.

УИХ-ын элбэг дэлбэг яриатай,  дуу чангатай гишүүн Ж.Батзандан өчигдөр мэдээлэл хийж гадаадад байгаа монголчуудыг нэн яаралтай эх орондоо авчрахыг шаардлаа.  Мөн тус нам гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажлын хэсэг байгуулан ажиллах гэнэ.

Цар  тахал дэгдэхтэй зэрэгцээд Монгол улс иргэдээ татаж эхэсэн бөгөөд энэ хугацаанд  нийт 6000 орчим монголчууд эх орондоо ирсэн бол тусгай үүргийн онгоцоор  онцлох шалтгаантай 2000 шахам иргэнээ авчирсан.  Одоо цаана нь дэлхийн 40 гаруй бүс нутаг, улс орноос ирэхээр хүсэлт гаргасан 8000 шахам монголчууд бий.

Дэлхийн ихэнх улс орнууд хилээ хааж онгоц хүлээж авахгүй байгаа.Тэр дундаа монголчууд олноороо амьдардаг Европын орнууд.  Шууд нислэгтэй байсан Турк, Герман, ОХУ зэрэг улс орнууд хилээ хааж гадны нислэг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Гадаад талдаа нөхцөл байдал иймэрхүү.  Харин дотоод талдаа гадаадаас  авчирсан иргэдээ 21 хоног тусгаарлаж халдвар хамгааллын дэглэм сахьж байгаа. Монгол Улс нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 5 143 иргэнийг тусгаарлах байранд ажиглажээ. Одоо гэхэд  улсын хэмжээнд 1 500 орчим хүн тусгаарлах байранд ажиглалтад  байна. Энэ хүмүүсийн байр савны асуудлаас эхлээд хүндрэл байгаа юу гэвэл байгаа. Бас  тэдэнтэй ажиллах хүн хүчний хүрэлцээ гэхчлэн яригдана.

Ж.Батзандангийн шахаж шаардснаар  гадаадад байгаа монголчуудыг яаралтай татаж авлаа гэхэд авчирсан хойноо хаана хэрхэн тусгаарлаж хянах вэ. Аль эсвэл халдвар хамгаалал хамаагүй гээд их хотынхоо хүн урсгал дунд нийлүүлчих юм уу.

Тэгэхээр ШИНЭ намынхны шаардлага иргэдээ хамгаалах гээд байгаа юм уу эсвэл “хорлох” гээд ч байгаа юм шиг. Жаахан боломж бололцоо дээрээ түшиглэсэн  тооцоо судалгаа бүхий бодитой юм яримаар байна.

Гадаад  дотоод  ийм бодитой байгаа хүндрэл бэрхшээлээ харахын оронд амныхаа зоргоор  попрох нь  өөрсдийг нь сайхан гэхээсээ илүүтэй муухай харагдуулаад байна.

Эх сурвалж: Itoim.mn

http://www.zaluucom.mn/read/49b0f0h94


URL: