Их удирдагч Ю.Цэдэнбал насан өөд болсны өдөр тохиож
Энэ ертөнцөд төрсөн л бол үхэх үнэн гэдэг. Одоо амьд сэрүүн байгаа Та бидний хэн боловч хожмын нэг өдөр энэ ертөнцөөс бүрмөсөн “явах” нь жам.
Дэлхийн цэрэг-улс төрийн амаргүй “Хүйтэн дайн”-ы цаг үед, БНМАУ-ын Төрийн алтан жолоог 44 жилийн туршид атган залж, 2 их гүрний дунд Монгол орноо өрх тусгаар байлгаж, ард түмнээ соёл боловсролтой, ажил үйлстэй болгож, амар түвши амьдруулж чадаж байсан энэ их хүмүүнийг албан тушаал, амин хувиа бодсон тэр үеийн Монголын “дээдэс” ЗХУ-ын КГБ-ийн луйварчидтай үгсэн хуйвалдаж зориудаар түүнд хүнд өвчний зохиомол “онош” тавьж, албан тушаалаас нь зайлуулж, хүний нутагт гэрийн хорионд оруулж, элдэв хорт эм тариа шахаж, тарчлаан зовоож, хордуулан тамлаж алсан юм.
Эх орон, төрөлх нутаг, элгэн садан, ард түмнээ алс тэртээ хүний нутгаас санан гансарсаар хорвоог орхисон энэ хүнийг өрөвдөхгүй байхын аргагүй ээ.
Үхэл гэдэг “үйлийн үр”-д дэлхийн олон үндэстэн ястан өөр өөрийн зан үйл, ёс жаягаар ханддаг боловч хүн гэдэг нэгэн ижил амьтны төрөл зүйлийн хувьд адилхан юм ч олон байдаг. Тухайлбал, талийгчийн араас буяныг бодож, тодорхой хугацаанд зул асааж, ном хуруулж, дан ганц сайныг ерөөж, муу муухай бэлэг дэмбэрэлгүй үг хэлэх, харааж зүхэх, уурлаж бухимдах, хэрэлдэж гомдоох зэрэг аливаа зүй бусыг цээрлэдэг нь хаана ч адилхан байдаг биш бил үү?!
Гэтэл, амьдралынхаа хагас зуун жилийг хамт өнгөрөөсөн хань Ю.Цэдэнбал нь хүний нутагт, гэрийн хорионд 7 жил шаналан зовж байгаад харамсалтайгаар насан эцэслэж, оршуулгын ёслолыг нь Монгол нутагт нь ирж хийсэн гунигт тэр өдөр нь БНМАУ-ын Прокурорын газрын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн “долдой”-нууд Филатовад зохиомол хэрэг тулган хүлээлгэж, мөнгө хөрөнгө нэхэж, шалган байцааж, эрүүл ухаантай, ёс зүйтэй хүний ой тойнд огт багтамгүй, хэний ч дургүйцэл зэвүүцлийг хүргэх, ёрын муухай, хүний мөсгүй бузрын үйл хийсэн байдаг нь үнэхээр жигшүүртэй…
Очиж очиж, сэтгэл нь сэмэрсэн тийм эмзэг хэцүү үед нь зориуд ийнхүү харлуулж, эрүүгийн гэмт хэрэгтэн болгож хувиргасан тэр үеийн Монголын луйварчдад Филатова гуай олон жилийн туршид гомдон гомдсоор, сэтгэлийн гүн шархандаа шаналан зовсоор хорвоогоос хальсан байх даа гэж бодохоос хүнлэг сэтгэлт хэний ч элэг эмтэрч, зүрх шимширнэ …
Москвад хорьж, тамласан тэр 7 жилд, түүнд зохиомол эрүүгийн гэмт хэрэг нэмж, тулган хүлээлгэх зорилгоор тэр үеийн Монголын прокурорын газраас Москва руу ил далд 5 удаа тусгай бүлэг томилон явуулж, зовлон дээр нь зовлон нэмж, даажигнан тохуурхаж байсан баримт ч байдаг ажээ. Тухайлбал, хамгийн сүүлд, 1991 оны 1-р сард ЭСЯ-наас гэнэт утасдаж БНМАУ-ын Прокурорын газраас хэсэг монгол эмч нар Цэдэнбал даргын биеийн байдлыг мэдэх гэж ирсэн тухай мэдэгдсэн боловч тэд нь чухамдаа өөр зорилгоор ирчихээд байсан тухай Цэдэнбалын хүү Ц.Зориг “Сүүлчийн 7 жил” номондоо дурьджээ (хууд. 64-65).
Энд нэгэн зүйлийг зориуд тэмдэглэхэд, Ю.Цэдэнбалыг оршуулсан тэр өдөр гэргий Филатовад нь гэмт хэрэг тулган, шалган байцаасан БНМАУ-ын Прокурорын газрын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн байцаагч Г.Уранцэцэг, Дамдинрагчаа гэгч нар өөрсдийн санаачлагаар биш, чухамдаа өөрсдийг нь тэр үед шууд захирч байсан дарга даамлынхаа захиа заавраар хийсэн нь мэдээж юм…
“Хүний гараар могой барих” гэдэг зүйр үг ч бий. Уран сайхны “Өглөө” кинон дээр жанжин Д.Сүхаатар: “Тогмидыг алсан хүнийг олсон уу?!” гэж асуугаад, “Олсоон жанжаан!” гэхэд тэрээр: “Биш ээ, биш!, эзний нь, цаад эздий нь!!” гэж хэлдэгтэй эгээ адилхан санагдана.
Өөрөөр хэлбэл, тэр үед хүний ёсноос гажууд авирлаж, тэр бузар ажлыг зориуд гардан зохион байгуулж, бусдын гараар могой бариулчихаад өөрсдөө гэмгүй царайлан уснаас хуурай гарсан алуурчид чухам хэн хэн байв?! гэдэгт хамаг учир байгаа нь тодорхой.
Би хуульч биш. Гэхдээ хуулийг дагаж амьдрах учиртай иргэн хүн гэж өөрийгөө боддог, тэгж ч амьдарч ирсэн нэгэн билээ. Гэтэл 1993 он хүртэл Прокурорын тухай хуульгүй улсад амьдарч ирснээ доорхи нийтлэлийн нэгнээс олж уншаад гайхав. Социализмын тэр үед гадаад дотоодод бэлтгэгдсэн монголын хуульчид гэж ямар хөгийн, дүүрчихсэн толгойнууд байсан юм бэ?! гэж өөрийн эрхгүй бодогдоно.
Магадгүй, тиймдээ ч Монголын прокурорын байгууллага 1990-ээд оноос өмнө бие даасан хараат бус БИШ, харин ч, хууль дүрэмгүй, дураараа авирладаг, луйварчдын захиалга “дохио зангаа”-гаар хөдөлдөг жинхэнэ “Утсан хүүхэлдэй” байсан учраас хөөрхий БАЛ даргын ажил амьдралыг ингэж орвонгоор нь эргүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байж ч болох юм… Хяналтын тийм хуульгүй дураараа дургисан хуульчидтай улс оронд хэнийг ч, юунд ч холбогдуулж, хэрэг тулган хэлмэгдүүлэх аюултай байсан юм байна шүү дээ гэж бодоход Танд эвгүй санагдахгүй байна уу?!…
Ю.Цэдэнбалын академиас надад бэлэглэсэн олон ном товхимол болон сонин сэтгүүлийн нийтлэлүүдийг нөхөн уншиж байхад, төрийн албан тушаал, эрх мэдэлдээ дулдуйдан, хүний ёсноос гадуур, хууль бусаар авирлаж, Ю.Цэдэнбал, А.И.Филатова нарт эрүүгийн хэрэг үүсгэж, зохиомол ял зэм тулгах ажлыг гардан зохион байгуулж, удаа дараа мөрдөн мөшгөж, байцаан зовоож явсан тэр үеийн зарим эрх мэдэлтнүүд хожим нь бусад руу буруугаа чихэж, өөрсдийгөө зөвтгөж, сонин хэвлэлд гоёж чимсэн, “уянгын халил”-тай зүйл ярьж бичсэн байхыг олж харах тусам тэднийг улам бүр үзэн ядах сэтгэл өөрийн эрхгүй төрнө…
Эцэст хүсэхэд, Монголчууд Та бидний эрхэмлэн хүндэтгэж ирсэн Төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын ариун голомтыг нь самарч, ар гэрийнхнийг нь голд нь ортол гомдоож, амьдралыг нь зориуд бүрмөсөн бусниулан сүйтгэсэн тэр үеийн Монголын “ихэс дээдэс” нэртэй улаан луйварчид, тэдний “долдой”, бузрын нүгэлтэнгүүд чухам хэн хэн байв гэдгийг уншигч Та доорхи хобоосуудаас тунгаан бодож эрэгцүүлэн дүгнэхийг хүсье!…
Шинэ Монголын энэ эрин цагт, цаашид хэзээ ч дахин иймэрхүү аймшигтай хэрэг гарахгүй байх болтугай!
Холбоос:
https://mn.wikipedia.org/…/Монголын_удирдагч_Ю.Цэдэнбалыг_з…
https://www.youtube.com/watch?v=aV9MhUGp9Pk
https://www.tolgoilogch.mn/_9j-jme-yny
http://www.dorgio.mn/g/67651
http://www.sonin.mn/news/easy-page/95007
https://news.zindaa.mn/26ce
http://eagle.mn/r/16327
http://erdenetinfo.mn/node-349
https://dnn.mn/т-сүхбаатар-ю-цэдэнбал-даргатай-хамгийн-сүү…/
Эцгийн тухай тэмдэглэл. СҮҮЛЧИЙН ДОЛООН ЖИЛ. Цэдэнбалын зориг. УБ. 1916.
Ю.ЦЭДЭНБАЛ. Хүмүүсийн дурсамж. II дэвтэр. XIV боть. Ю.Цэдэнбалын академи. УБ. 2016
Ю.ЦЭДЭНБАЛ. Би тангарагтаа үнэнч байсан. IX боть. УБ. Ю.Цэдэнбалын академи. УБ. 2016¬
URL: