Н.Энхбаярын даргалсан нам МАН-ын түрүүчийн нэр МАХН, бэлгэ тэмдгийг ашиглаж байгаа нь хууль бус

11055

Хэтрүүлэн “Монголчилдог” явдлыг хэзээ болих вэ?

Монголчууд бид үндэснийхээ сайхан уламжлалд суурилсан өвөрмөц үйл ажиллагаагаа үр бүтээлтэй үргэлжлүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээгээ дэлхий дахинд буюу гадаадын олон улс оронд болсоор ирсэн олон чухал үйл явдал, сайн арга барил, тэргүүн туршлагыг тал бүрээр судалсны үндсэн дээр, өөрийн орны амьдралд нэвтрүүлж, тодорхой үр дүнд хүрч, амжилт олсоор, эх орноо цуцалтгүй хөгжүүлсээр ирсэн баялаг уламжлалтай билээ.
Гэтэл, сайны хажуугаар саар зүйл дагалддагийн үлгэрээр ч юмуу, гадаадын зарим үйл явдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэтрүүлэн “монголчилдог” баримт, жишээ бас ч цөөнгүй байх бололтой. Тэр талаарх өөрийн зарим бодол, санааг түмэн олонтойгоо хуваалцах зорилгоор дараахь зүйлийг бичсэн юм.
Улс орны маань төр-засгийг удирдан жолооддог улс төрийн намын тухай асуудлыг юуны түрүүн авч үзье. Тухайлбал, 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын Нам байгуулагдаж, БНМАУ-ыг 1990 он хүртэл тасралтгүй 70 шахам жил удирдан жолоодож, чамлахааргүй түвшинд хүртэл хөгжүүлж ирсэн түүхтэй.
Ер нь гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээс болон манай зарим эрдэмтэн, судлаачийн ярьж, бичсэнээс сонсч, уншиж байхад, улстөрийн нам бүхэн өөрийн үзэл баримтлалтай байх ёстой бөгөөд дэлхий дахинд намууд гурван үндсэн Үзэл баримтлалыг мөрддөг ажээ.
Гэтэл зарим нам хууль тогтоомжийг илт зөрчсөөр байна. Жишээлбэл: Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даргалсан нам Монгол Ардын Намын түрүүчийн нэр болох МАХН ба үндсэн бэлгэ тэмдгийг ашигласаар байгаа нь “Улстөрийн намуудын тухай” хуулийг зөрчсөөр байгаа хэрэг. Аливаа шинэ намд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл олгодог Улсын Дээд шүүхийн зүгээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дулдуйдаж, “Улстөрийн намуудын тухай” хуулийг зориуд зөрчсөн нь гайхалтай. Ер нь цаашид манай улсын тухайд, дэлхий дахины намуудын үндсэн үзэл баримтлалын алийг нь баримталдгаараа хоорондоо ялгагдах  гурваас олонгүй улстөрийн нам л үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай.
Өнөөдөр манай улсад 30 гаруй мянган төрийн бус байгууллага байна. Энэ нь мөн л гадаадын туршлагыг хэтрүүлэн “монголчилсон”-ы нэгэн жишээ бөгөөд тэдгээрийн дотор, “Нохойны асуудал эрхэлдэг нийгэмлэг” ч байх юм. Тэр тусмаа зорилго, ажлын арга хэлбэрийн хувьд давхардсан, зөвхөн нэрээрээ ялгагдах төдий төрийн бус байгууллага нэлээд байх бололтой. Тэдгээр олон мянган нийгэмлэг, холбоодын маш цөөхөн нь улс нийгэм болон гишүүддээ үр ашигтай үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр төрийн бус байгууллага ч бай, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаанд төр, засгийн зүгээс зориуд анхаарал хандуулж, тоог нь цөөлөхийн зэрэгцээгээр, нэрийн төдий биш, бодит үр бүтээлтэй, нийгэмд эерэг нөлөөтэй байгууллагууд болгомоор байна. Хэдийгээр Улаанбаатар хот маань ихэд өргөжин тэлж, сайхан болж байгаа ч гэсэн, хүн ам хэт олонтой, газар нутаг маш багатай. Гадаадын зарим улсын туршлагаар маш олон давхар ихээхэн өндөр барилга олноор баригдсаар байгаад, бас өөр өнцгөөс нь анхаарал хандуулмаар байна. Нөгөөтэйгүүр, гаднын туршлагыг хэтрүүлэн “монголчилсны” гайгаар, нийслэл дэх ихэнх зочид буудал ямар ч ашиглалтгүй “налайж”, мэдээж, эзэд нь санхүүгийн болон бусад хямралд орсоор байгаа бизээ. Цаашид Улаанбаатар болон бусад хотуудад 6-10-аас дээш давхар бүхий барилга барьдаггүй болмоор байна. Манай улсад барилга барих газар, талбай хааяагүй хангалттай байгаа шүү дээ.
Өнөөгийн бас нэг ноцтой асуудал бол Улаанбаатар хотын гудамж, талбай дахь автомашины түгжрэл яахын аргагүй мөн. Бас л автомашин олонтой гадаадын зарим орныг дуурайх маягаар, хэтрүүлэн “монголчилж”, нийслэл хотдоо багтахгүй шахам хэт олон машин, тэр тусмаа дийлэнхдээ хуучин машин гадаадаас оруулж ирсээр байгаа нь нийслэлийн ихэнхи оршин суугчдыг гамшгийн байдалд оруулсаар байна. Гэтэл өндөр эрх мэдэлтэй нэг ч хүний амнаас импортоор хуучин машин оруулж ирэхийг багасгах юмуу зогсоох талын үг яриа гарахгүй байна. Тиймээс давын өмнө хуучин автомашин импортлох явдлыг зогсоох талаар, төр-засгийн эрх мэдэлтнүүдийн зүгээс шийдвэр гаргаж, даруйхан хэрэгжүүлмээр байна. Мэдээж, өнөөгийн гудамж, талбай дахь автомашины түгжрэлийг багасгаж, болж өгвөл машины ямар ч түгжрэлгүй болгох талаар оновчтой, тууштай арга хэмжээг авмаар байна.
Өөр нэгэн асуудлын талаар дуугүй сууж болмооргүй байна. Одоогоос хэдэн жилийн тэртээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадын зарим баян орны төрийн тэргүүнийг дуурайж, алдартай тамирчдадаа тэтгэмж олгож байх талаар нэгэн зарлиг гаргасан нь одоо ч үргэлжлэн хэрэгжсээр байгаа болов уу.
Уг зарлигт зааснаар, олимпийн болон дэлхийн аврага шалгаруулах спортын тэмцээнүүдэд оролцож, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчдад сар тутам хэдэн сая төгрөгийн тэтгэмж (жирийн эмч, багш нарын жилийн дундаж цалингаас ч илүү байгаа нь бас л хэтрүүлсэн “монголчлол”-ын нэгэн жишээ мөн) олгож байгаа нь, нэг талаар, алдартай тамирчиддаа асар их урам зориг өгсөн арга хэмжээ боловч нөгөө талаар, улсын эдийн засаг хямарч, ядуурал, гуйланчлал нүүрлэсэн үед эргэж харууштай асуудал юм. Би тамирчдад атаархсан юмуу дургүйдээ энэ саналыг тавиад байгаа хэрэг биш. Дэлхийн спортын тавцан дээр төрийнхөө далбааг мандуулж, Монгол Улсынхаа нэрийг алдаршуулан цуурайтуулсан алдарт тамирчдаа төр-засаг маань ямагт урамшуулж, 40-100 сая төгрөгийн шагнал олгодог сайхан уламжлалтай. Гэтэл спортоос бусад салбарын шилдэг тэргүүний хүмүүст тийм өндөр хэмжээний мөнгөн шагнал олгодоггүй шүү дээ. Иймд төр засаг, түмэн олны тэрхүү хайр энэрлийг манай алдартай тамирчид сайн ойлгож, улам бүр өндөр амжилт гаргахын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөөр байдаг гэдэгт миний бие огтхон ч эргэлздэггүй билээ.
Эцэст нь онцлон тэмдэглэхэд, цаашид гадаадын аливаа сайн үйл ажиллагаа, тэргүүн туршлагын ерөнхий агуулга, мөн чанарыг нь тал бүрээр сайтар судалж, нарийн тооцоолсны үндсэн дээр, улсынхаа өвөрмөц онцлогт тохирохуйц арга хэлбэр, оновчтой цар хэмжээгээр эх орондоо нэвтрүүлдэг болмоор байна. Харамсалтай нь, өнөөдөр манай улсын нийт хүн амын гуравны нэг нь нэн ядуу, тарчиг байдалтай аж төрж, хөдөлмөрийн насны хүмүүсийн дунд ажилгүйдэл багагүй байна. Мөн төр, засгийн дээд, дунд түвшний эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын хүрээнд хөрөнгө мөнгөнд хэт шунагчид чамлахааргүй олон байгаа бололтой. Тэрхүү таагүй байдлуудаас ангижрахын тулд, Монголчууд бид бүгдээрээ эрхээ зөв эдлэх, үүргээ үнэнчээр биелүүлэх шударга зарчмыг чандлан сахиж, хичээнгүйлэн зүтгэцгээмээр байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн, МАН-ын 94 дүгээр үүрийн гишүүн, “АЧ” АУИС-ийн багш Буньжавын ОРГИЛ

URL: