Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр цэцэд ханджээ

11043

                                         МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ

Монгол Улсын иргэн П.Галиндэв би Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг үндэслэн Улсын их хурлын гишүүн, Ардчилсан намын дарга нь Намын эрх барих байгууллагаараа дамжуулан Улсын Их Хурлын сонгууль /цаашид “УИХ-ын сонгууль” гэх/-д нэр дэвшихээ илэрхийлсэн намын гишүүн нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор 40 000 000 /дөчин сая/, 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор 30 000 000 /Гучин сая/, мөн 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор 30 000 000 /Гучин сая/ буюу нийт 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг намд тушаахыг шаардаж буй үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн эсэх талаарх дүгнэлтийг гаргуулахаар энэхүү мэдээллийг гаргаж байна.

Мэдээллийн шаардлага: Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нь намын эрх барих байгууллагын шийдвэрүүд нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх дүгнэлт гаргуулах

Шаардлагын үндэслэл:
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний суурь эрх буюу сонгогдох эрхэд эд хөрөнгөөр ялгаварлах замаар халдсан нь.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэнийн улс төрийн үзэл бодол, намын гишүүнчлэлээс үл хамааруулж сонгох, сонгогдох эрхийг Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…хүнийг…хөрөнгө чинээ….үзэл бодол…боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, гээд Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт …төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй… хэмээн баталгаажуулж өгсөн байдаг бол Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт “…Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ…, …гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах…-ийг хориглоно…” гэж намын гишүүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон.
Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т ”…гишүүддээ намын удирдах байгууллагын төлөөлөлд орох, сонгуульд нэр дэвших, сонгогдоход хөрөнгө чинээгээр ялгаварлахгүйгээр адил тэгш боломж олгох…” хэмээн намын үйл ажиллагаандаа баримтлах үндсэн зарчмыг тодорхойлсон ба намын гишүүдээс авах хандив, татварыг аливаа байдлаар хясан боогдуулж, албадан шахаж авч болохгүй талаар мөн хуульчилсан. Өөрөөр хэлбэл намын гишүүн иргэн нь өөрийн сонгох, сонгогдох эрхээ эдлэхийн тулд намаас тогтоосон хатуу тоо хэмжээгээр бус итгэл үнэмшил, үзэл бодлоороо намдаа хандив өгөх эрхтэй. Харин намын дүрэм болон холбогдох хууль тогтоомжоор хандивын дээд хэмжээ болон түүний давтамжийг зохицуулсан.
УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гишүүдэдээ Ардчилсан намын зүгээс намын дотоод сонгуульд оролцохын тулд эхний ээлжинд 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг намд тушаахыг шаардаж буй нь намын гишүүдийг эд, хөрөнгийн байдлаар нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал бөгөөд иргэний Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг аль нэг нам, эвсэл нь дээрх мэт увайгүй үйлдлээрээ хязгаарлан, зөрчих учиргүй байтал намын мэргэжил боловсролтой, төрийг удирдах хэрэгт оролцон улс, эх орон, ард иргэдийнхээ төлөө ихийг хийх хүсэл, сонирхолтой гишүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй явдал юм.

Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ нь намынхаа эрх барих байгууллагаараа дамжуулан авч хэрэгжүүлж буй дээрх үйл ажиллагаа нь гишүүдийнхээ сонгогдох эрхийг хязгаарлан, хясан боогдуулан Үндсэн хуулиар олгогдсон заяамал эрхийг зөрчиж байгаа нь улс төрийн намын баримтлах ёстой зарчмаасаа ухарсан дээрх үйлдэл болно.
Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэмт хэрэгт бэлтгэсэн нь.

Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-т “… нийгмийн ашиг сонирхол, хувийн үзэл бодлоо хамгаалан улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс эвлэлдэн нэгдсэн иргэдийн нэгдэл…” гэж намыг тодорхойлсон боловч Улсын хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын эрх барих байгууллага нь зөвхөн хэсэг бүлэг мөнгөтэй этгээдүүд нэр дэвших боломжийг бүрдүүлж, мөнгөтэй бүлэглэлийн захиалгаар хүмүүсийг нэр дэвшүүлэх цаашлаад сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авч төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус арга хэрэглэж сонгуульд нөлөөлөх замаар авахаар бэлтгэсэн үйлдэл гэж харж байна.
Учир нь гишүүдээс дээрх байдлаар авч буй мөнгө нь улс төрийн намын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 болон намын дүрмийн 8 дугаар бүлэгт заасан намын санхүүжилт, хөрөнгө, орлогыг бүрдүүлэх арга хэрэгсэлд багтахгүй бөгөөд гишүүдийн намд тушаасан мөнгө нь буцаан олгогдохгүй, уг мөнгийг юунд зарцуулах нь тодорхой бус зэрэг нь намын санхүүжилтийн ил тод байдлыг алдагдуулж, дээрх явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд нам, түүний удирдлагыг авлигын эрсдэлд оруулж байна.
Улс төрийн намын хөрөнгө, орлого, санхүүжилт, гишүүдийн хандив татвар нь ил тод байх нь түүний засаглалын тогтвортой байдлыг хангаж авлигаас ангид байх боломжийг бүрдүүлдэг боловч Ардчилсан намын дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн авч хэрэгжүүлж буй дээрх үйлдэл нь авлига, хээл хахуул, албан тушаалын наймааг өөгшүүлэх, мөнгө угаах, төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг бий болгон нийгэмд сөрөг үр дагаврыг дагуулах аюултай байна. Энэ нь Ардчилсан нийгмийн үнэт зүйл, суурь зарчим, хууль дээдлэх ёсонд нийцэхгүй.

Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд хандивын хэмжээ, өгөх боломжит давтамж, түүний эх үүсвэрийн нотолгоо түүнд тавигдах шаардлагыг хуульчилсан байдаг. Ардчилсан намын гишүүддээ тавьж буй дээрх мэт шаардлага нь гишүүдийнхээ сонгогдох эрхийг нь зөрчиж, цаашлаад Ардчилсан намын нийт гишүүд, улсын нийт иргэдийн сонгох эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа явдал болно.
Нөгөөтэйгүүр зөвхөн мөнгөтэй, санхүүгийн боломжтой этгүүдэд нэр дэвших боломжийг олгож, үүгээрээ дамжуулан тодорхой бус санхүүгийн эх үүсвэр бүрдүүлж байгаа нь төрийн эрхийг хууль бусаар авах, сонгогчдын саналд нөлөөлөх, саналыг худалдан авах сонгуулийг будлиантуулахаар бэлтгэж байгаа явдал гэж үзэхээс өөр аргагүй юм.

Ардчилсан нам нь гишүүдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох суурь эрхийг зөрчиж, хясан боогдуулсан, Үндсэн хууль болон холбогдох хуулиар хүлээсэн намын баримтлах ёстой зарчмаасаа ухарсан зэрэг үйлдэл нь сонгуульд өрсөлдөх эрхээ мөнгөөр худалдан авсан нэр дэвшигчдийг бий болгож сонгуульд сонгогчдын саналыг хууль бусаар худалдан авах, цаашлаад төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авч, түүний үр дүнд сонгогдсон гишүүд нь зөвхөн захиалагч бүлэглэлийнхээ ашиг сонирхлыг хангахад төрийн эрх мэдлийг буруугаар ашиглах нөхцөлийг бүрдүүлж байна.

Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнийн дээрх дурдсан үйлдлүүд нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2, Арван зургадугаар зүйлийн 9, Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсгийг зөрчих үндэс болж байна.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хүний сонгох, сонгогдох эрхэд халдаад зогсохгүй төрийн эрх мэдлийг сонгуульд нөлөөлөх хууль бус аргаар авах нөхцлийг бүрдүүлэн бэлтгэж буй уг асуудалд Үндсэн хууль зөрчсөн эсэх дүгнэлтийг гаргаж өгөхийг хүсье.

П.ГАЛИНДЭВ


URL: