Хан-Уулынхны итгэлийг эвдэж, сэтгэлийг гонсойлгосон дөрөв
УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө хоёр сар гаруйн хугацаа үлджээ. Мандатын өнгө өөрчлөгдөх эсэхэд ард түмэн дүнгээ тавих учир зарим гишүүн тойрогтоо огт ажил хийгээгүй, сонгогчидтойгоо уулзаагүй хэр нь дахин нэр дэвшинэ хэмээн сэрүүн зүүдэлж явна. Сонгогчид нь мад тавихаа нэг мэдэх байгаа. Манай сонин сонгогчдынхоо өмнөөс төр төлөөлж, дөрвөн жил түшээгээр ажилласан гишүүд өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан талаар бичиж буй юм. Энэ удаа нийслэлийн Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Л.Болд, Б.Энх-Амгалан нарыг онцолж байна.
ГАЙ, ГАВЬЯА ЭН ТЭНЦҮҮ ХАЯГЛАГДАНА
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент бүрдсэнээс хойш Ц.Нямдорж тасралтгүй долоон удаа УИХ-д сонгогдсон нэгэн. Өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа томилогдон ажиллаж буй. Хуульч мэргэжил эзэмшсэн хүн бүрийн хамгийн өндөр албан тушаал, оргилд тэр хүрсэн. Түүнийг шударга гэх имиж дагалддаг байсан ч эсрэгээрээ улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг нэг талаараа хамгаалагч байсаар ирсэн. Ард түмэн одоо л түүний тарыг таньж эхэлж байх шиг.
Тэрбээр төрөлх нутаг Увс аймгаасаа УИХ-д хэдэнтээ сонгогдож хамгийн сүүлд 2016 онд нийслэлийн Хан-Уул дүүргээс сонгогдон ажиллаж байгаа ч энэ удаагийн сонгуулиар Орхон аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж буй. Сонгогдсон дүүрэгтээ ямар ажил хийв гэхээр хуруугаар өлгөчих олигтой зүйлгүй тэрбээр “Энэ удаа миний хамгийн сүүлийн сонгууль” хэмээн намын нөхөддөө хэлэн Орхон аймагт нэр дэвшихээр ил, далд ярьж яваа гэсэн. Уг нь тэрбээр 2016 оны сонгуулийн өмнө “Энэ миний сүүлийн сонгууль ч байж мэднэ” хэмээн ярьж байсан билээ. Үүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч мөн л “Миний оролцох сүүлийн сонгууль” хэмээн өнөөх улиг болсон үгээ давтаж сууна.
Албан тушаал ярихаар нүд нь сэргэж, хөл нь хөнгөрөөд гүйчихдэг хөгшчүүд МАН-д бий. Тэд хар толгойгоо цагаан болтол улс төрд явсан ч ард түмнийхээ төлөө хийж, бүтээсэн ажил нь даанч бага. Ц.Нямдорж бол тэдний төлөөлөл. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахдаа салбарын хуулиудыг цэгцэнд оруулж, зарим ажлыг цэгцэнд нь оруулсан гэх гавьяа түүнд хаяглагддаг ч MCS групп, “Алтжин” группт ил, далдаар үйлчилсэн, орон дотроо хууль зассан гэх алдаа ч түүнийх.
ТОЙРОГТОО АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ ГЭХ ШҮҮМЖЛЭЛ Д.САРАНГЭРЭЛИЙГ ТОЙРСОНГҮЙ
Сэтгүүлзүйн салбараас улс төрд орсон Д.Сарангэрэл хоёр дахь удаагаа парламентын гишүүний алба хашив. Тэрбээр өмнө нь тухайн үеийн УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн оронд намын жагсаалтаар хууль тогтоох байгууллагад орж ирсэн бол өнөөдөр түүний байгуулсан кабинетэд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байна. Тэрбээр 2016 оны сонгуулиар Хан-Уул дүүрэгт өрсөлдөж ялалт байгуулсан. Сул гишүүн, дараа нь Өргөдлийн байнгын хорооны дарга, одоо эрүүл мэндийн салбарыг удирдаж буй тэрбээр тойрогтоо хийсэн ажил маруухан гэдгийг сонгогчид нь хэлж байна лээ.
Улс төрд хүрч болох хамгийн оргил албан тушаалдаа хүрээд буй тэрбээр ээлжит сонгуулиар нэр дэвшихгүй гэх мэдээлэл бий. Түүний оронд хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайдаар ажиллах сонирхолтой байгаа аж. Яг үнэндээ Эрүүл мэндийн яам тодорхой хүрээнд сайн ажиллаж байгаа мэт харагдаж буй ч ард түмний дунд тийм ч сайн нэргүй байна гэх. Ийм үед сонгогдсон тойрог болох Хан-Уулаасаа дахин өрсөлдвөл ялагдах магадлал ч бий аж. Учир нь, тус дүүрэгт МАН-аас явуулсан судалгаагаар түүний рейтинг сайнгүй гарчээ.
Одоо тэр НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульт албатай. Энэ квотоороо УИХ-д өрсөлдөх хангалттай боломж бий ч өрсөлдөөд унавал улс төрийн карьер нь хэрхэх вэ гэдэгт санаа зовниж буй бололтой. Нөгөөтэйгүүр ирэх сарын 25-наас хэрэгжих Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөн гишүүн нь “давхар дээл”-тэй байхаар хуульчилсан учир УИХ-ын сул гишүүн байснаас сайдаар ажиллах нь хамаагүй ашигтай гэж тооцоолсон ч байж болох талтай юм.
СУУРИН ДЭЭРЭЭ ХЭД ЭРГЭСЭН Л.БОЛД
Л.Болд бол АН-ын үлгэр жишээ гишүүдийн нэг байв. Гэвч тэр 2017 оноос нэр дэвших “виз” авч, төрийн түшээ болсон намаасаа гарч, журмын нөхөр Ж.Батзандантайгаа нийлж ШИНЭ эвсэл байгуулсан нь түүний улс төрийн карьерыг орвонгоор нь эргүүлэв. Хүний ой тойнд багтахгүй зүйлс ярьж, МАН-ын гишүүдтэй нийлж, жагсаал цуглаан зохион байгуулж, УИХ-ын даргыг огцруулах акц өрнүүлэв. Хэдий санасандаа хүрсэн ч улс төрийн хожоо нь Л.Болдод бус өнөө дөрөвт нь унацтай тусав.
Хан-Уул дүүргийн алслагдсан хороод болох Яармаг, Био, Шувуун фабрик орчмын сонгогчдын итгэлийг хүлээсэн Л.Болд энэ удаагийн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа аж. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд тойргийнхоо хэдэн сургууль, цэцэрлэгийн нээлтэд очиж, сонгогчдынхоо нүдэнд харагдсанаас өөрөөр гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц бодит ажил тун бага хийсэн гэдгийг тэд хэлж буй юм. Улс төрийн тоглолт хийж, телевизээр байсхийгээд гарснаа рейтинг өндөр хэмээн санаж, дахин нэр дэвшихээр болж байсан ч бодлоо өөрчилж “Энэ удаадаа өнжсөн ч яах вэ” гэсэн мэдээлэл ч байна.
УИХ-д дөрвөн удаа сонгогдсон тэрбээр сүүлийн найман жилд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Батлан хамгаалахын болон Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан ч энэ удаагийн парламентад АН-аас өрх тусгаарлаж, аманд орсноо ярьдаг, зарим тохиолдолд улсын төсвөөс давсан зүйл ярьж “попрох” болсон нь улс төрийн хүрээнд гайхаш төрүүлж буй юм. Тэр өнгөрсөн дөрвөн жилд улс төр хийсээр улиран сонгогдсон тойргийнхоо төлөөллийг мартсан нь ирэх сонгуулиар муу дүн тавиулахад хүрээд байгаа аж.
САЙДЫН СУУДАЛД ЖУЛДАЖ БУЙ Б.ЭНХ-АМГАЛАН
Улс төрд шинэ түүнд төрийн сайдын ямба дэндүү ахадчихаад буй. Зам тээврийн сайдаар ажиллаж байсан Я.Содбаатар ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан учраас ажлаасаа чөлөөлөгдөж халааг нь Б.Энх-Амгалан авсан. Тэрбээр сайдаар томилогдосныхоо дараа “Би жолоочийн хүүхэд. Машины кабинд бага нас маань өнгөрсөн учраас энэ салбарыг гадарлана” хэмээн мэдлэггүй, мэргэжлийн бусаа гайхуулаад авсан. Сонгогдсон тойрогтоо гийгүүлэх ажил хийгээгүй тэрбээр очсон салбар бүрийнхээ ажлыг унагадаг нэгэн бололтой. Газрын замаа олигтойхон барьчихаж чадахгүй олон хүний машин техникийг эвдэж, сүйтгэж буй хэр нь тэнгэрийн зам барина хэмээн амьдралаас тасарсан зүйл ярьж, хоосон мөрөөдөж, хийрхэж явдаг нэгэн. Иймдээ ч тэр олон нийтээс “бардам ам, шалдан гуя” гэх нэр хоч зүүгээ биз.
Сонгогдсон дүүргийнхээ сонгогчдыг басамжилдаг, алагчилдаг, хийсэн ажлаа тайлагнаж тараасан сэтгүүл нь өөрийгөө “Жинхэнэ Монгол хүн” гэж магтуулан зургаа сэтгүүлийн нүүр дүүртэл малийтал хэвлээд тараадаг ийм л хүн УИХ, Засгийн газрын гишүүний албыг хашиж “давхар дээл”-тэй халууцаж, даналзаж явна.
Үндэсний шуудан
URL: