ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: ХУ-аас ирсэн оюутны гуравдахь удаагийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ

443

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв.Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү ”Энэ сарын 19-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа нэг иргэн эдгэрч, ажиглалтын байр руу шилжлээ. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, зарим нь сайжирч байна. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 76 хүнд шинжилгээ хийгдсэн. Цэргийн төв эмнэлэгт байгаа 55 хүнээс коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтын шугамаар авсан 4 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээнд оруулахад нэг иргэнээс коронавирус илэрлээ. Энэ иргэн нь Москвагаас Улаан-Үд рүү онгоцоор ирээд Улаан-Үдээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн. Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан байсан. Тус сургуульд коронавирусийн халдвар гарсан гэж Олон Улсын мэдээгээр гарч байсан. Тиймээс бид хамт ирсэн 30 хүнийг салгаж авсан нь оносон.

Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Коронавирусийн халдвар авсан иргэний ойрын хавьтлын хүмүүсийг тусгаарласан уу? 

-Дөрөвдүгээр сарын 12-нд ОХУ-аас оюутнуудыг хүлээж авсан. Оюутнуудыг хүлээж аваад давтан шинжилгээ хийж байсан. Ингээд гуравдахь шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрлээ. Москвагаас ирсэн оюутнуудаас тандалтыг хийж байгаа. Хамт ирсэн оюутнуудаас давтан шинжилгээ авч байгаа. Нууц үеийн хугацаа 20 гаруй хоног байна. Тиймээс шинжилгээг дахин дахин авах болно.


URL: