Аудит амь орох уу?
Сурвалжлагчийн “Төрийн ордонд хэн, юу хийдэг вэ” гэсэн асуултад “Нөгөө 76 “идээд” л сууж байгаа байх даа. Эмээ мөнгө “иддэг” л гэж ярьсан” хэмээн хээв нэг хариулсан арав гаруй насны хүү “од” болсон доо. Хүүхэд ингэж хэлсэн нь л сонин байсан болохоос ард иргэд бүгдээрээ эрх мэдэлтнүүдийг татвар төлөгчдийн, жирийн иргэдийн халааснаас бүрдүүлсэн улсын төсвөөс “иддэг” гэж ойлгодог. Төсвийн хөрөнгийг байж болох бүхий л аргаар шамшигдуулан “иддэг” гэдгээ ч өнгөрсөн хугацаанд олон эрх мэдэлтэн харуулаад амжсан. Ийм учраас л төрийн аль ч шатны удирдлагууд мөнгө “иддэг” гэсэн бодол иргэдийн тархинд шингэж, ямар сайндаа арваадхан настай хүүхдэд хүртэл нөлөөлөх вэ дээ.
Эцэстээ нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг үнэхээр хэсэг бүлгээс болж бүх эрх мэдэлтэн хэлмэгдээд байна уу эсвэл бүгд л өөрийн эрх ашгийн төлөө эрх мэдэлд хүрдэг үү гэдэг нь ойлгогдохоо байлаа. Харин энэ ойлголтын хайнааг хагалах учиртай байгууллага нь Үндэсний аудитын газар. Энэ газар татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой зарцуулж байгаа эсэхийг хянан шалгах үүрэгтэй төрийн дээд байгууллага. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр бүрдүүлсэн төсвийг төрийн байгууллагууд хэрхэн, зөв зохистой, хуулийн дагуу, оновчтой зарцуулж байгаа эсэхэд нь Төрийн аудитын хуулийн хүрээнд хяналт тавих үүрэгтэй юм. Ингэхдээ тодорхой удирдамж, шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт, шалгалт хийж, үр дүнг УИХ болон олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Гэтэл Үндэсний аудитын газар энэ үүргээ хангалттай биелүүлсэнгүй. Үүнээс илүүтэй хууль тогтоогчид 2019 оны сүүлч хүртэл Үндэсний аудитын газарт үүргээ хангалттай биелүүлэх эрх зүйн боломжийг олгоогүй. Аудитын байгууллагын үйл ажиллагаагаа саадгүй явуулах хамгийн чухал статус нь хараат бус байдал.
Харин Үндэсний аудитын газар өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар цаашлаад эрх баригч намын лидерээс хараат байв. Өөрөөр хэлбэл, УИХ-аас Ерөнхий аудиторыг томилдог нь хараат байгаагийн эхний жишээ. Мөн УИХ-ын гишүүн, сайдын ажлыг хавсарч хийх боломжтой учраас Засгийн газраас ч хараат болж таарч байна. Цаашлаад УИХ-д олонх болсон нам, тухайн намын лидерээс хараат байгаа гэсэн дүр зураг өнөөгийн нөхцөлд ажиглагдаж байгаа юм.
Тэгвэл 2019 оны сүүлчээр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төрийн аудитын байгууллагыг хараат бусаар ажиллуулах заалт оруулсан. Тодруулбал, “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж Үндсэн хуульд нэмсэн. Ингэснээр Үндэсний аудитын газар Үндсэн хуулийн байгууллага болж хараат бус байдал хангагдана гэж үзэж буй. Харин одоо энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэж байна. Хуулийн төсөлд төрийн аудитын байгууллага аудит хийх сэдвээ өөрөө чөлөөтэй сонгох, хяналт хийх явцад гэмт хэргийн шинжтэй зүйл байвал мэдээлэхээс гадна Ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийх, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, түдгэлзүүлэх, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд томилохыг хориглосон байна. Мөн Төрийн аудитор бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан, аливаа дарамт, шахалт, хууль бус нөлөөллийн талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж заажээ.
Тэгвэл хэлэлцүүлгийн үеэр аудитын байгууллагад хэтэрхий их эрх мэдэл өгөх нь гэсэн шүүмжлэл ч гарсан. Харин хууль санаачлагчид тийм биш гэдгийг тайлбарласан юм.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан
Хуулийн төслийг баталснаар… Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болох юм. Үүнээс гадна төрийн аудитын төлбөрийн акт, албан шаардлагын биелэлт заавал хангагдах нөхцөл бүрдэнэ.
Ямартай ч олон улсын жишгийн дагуу санхүүгийн хяналтын дээд байгууллагаа хараат бус болгох нь. Харин нэр төдий юү эсвэл бодитоор санхүү, удирдлагыг нь хараат бус болгох уу гэдгийг харахад долоо хоног хүрэхгүй хугацаа үлдлээ.
Германд ТАБ-ын удирдлагаа шүүгчтэй адилтгадаг
Олон улсад ч төрийн санхүүгийн хяналтын байгууллагынхаа хараат бус байдлыг Үндсэн хуулиараа хамгаалж баталгаажуулдаг байна. Тухайлбал, Герман, Австри, Франц улсууд Үндсэн хуульдаа Төрийн хяналтын дээд байгууллагын хараат бус байдлыг хуульчилжээ. ХБНГУ-ын Үндсэн хуульд “Төрийн санхүүгийн хяналтын дээд байгууллага хараат бус байна. Удирдлага нь шүүгчтэй адил хараат бус байдлыг эдэлнэ” гэж заасан байна.
Улс орнууд аудитын байгууллагаа хараат бус байлгахын тулд нэн тэргүүнд тухайн байгууллагын удирдлагыг хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Ерөнхий аудитор, газар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүд хараат бус ажиллах орчин нь хуулиар баталгаажиж хамгаалагдах ёстой. Хоёрдугаарт, тухайн байгууллага өөрөө хараат бус байх ёстой. Гуравдугаарт тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хараат бус байх ёстой гэсэн ерөнхий тунхгийг баримталдаг аж. Эдгээрээс хамаарч төрийн аудитын байгууллага олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь шийдэгддэг байна.
МУИС-ийн профессор, доктор Н.Бурмаа
Олон улсын аудитын байгууллагуудыг нэгтгэсэн INTOSAI гээд аудитын дээд байгууллага бий… Энэ байгууллагын дүгнэснээр бүрэн эрхт тогтолцооны хувьд, аудитор, шинжээчид дүгнэлт, зөвлөмж гаргахдаа, тухайн аудитын байгууллага санхүүгийн хувьд хараат бус байх ёстой гэсэн стандарт шаардлага тавьдаг. Энэ гурван шаардлагыг хангаж байж олон улсын шалгуур шаардлагад нийцсэн аудитын дээд байгууллага гэж хүлээн зөвшөөрөгддөг юм.
Аудиторын шалгуурыг хуульчилъя
Төрийн санхүү, төсвийн зарцуулалтыг хянах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлж, Үндсэн хуулийн байгууллага болгосон. Харин эрх мэдлээ зөв хэрэгжүүлэх боловсон хүчний асуудал тулгамдах магадлалтай байна. Шалгагч багш оюутнаас хавь илүү мэдлэгтэй байж л алдаа оноог нь мэддэг шиг аудитор хүн төсвийг захиран зарцуулагчдаас илүү мэдлэг чадвар, мэдээлэлтэй байж, төсвийн мөнгийг зөв зохистой зарцуулсан эсэхийг мэднэ. Харин манай боловсролын салбарын албан ёсны тогтолцоонд аудиторын мэргэжилтэн зохион байгуулалттайгаар бэлтгэдэг зүйл байхгүй. Мэргэжилтнүүдийг ажлын байран дахь сургалтад хамруулж, аудит хийлгэдэг. Үүнээс гадна аудитын байгууллага зөвхөн санхүүгийн салбарт биш төрийн бүхий л салбарт гүйцэтгэл, нийцлийн аудит хийж, тайлан гүйцэтгэлийг хянах ёстой болж байгаа. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүдийг нэмж сургах, давтан сургалтад хамруулах чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэх шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Ингээд үзэхээр аудиторууд алдаа гаргах магадлал их. Тиймээс аудиторуудын шалгуурыг өндөрсгөж хуульчилъя. Их эрх мэдлийн араас нэхэх хариуцлагыг ч өндөрсгөх цаг болжээ.
Б.ЦЭНД-АЮУШ, EAGLE.MN
URL: