АНУ-д 4 сая гаруй хүнийг шинжилгээнд хамруулжээ

427

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д 4.18 сая хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдээд, шинжилгээ хийх үйл явцыг улам өргөжүүлж, сая сая хүнийг хамруулж байна гэж тэмдэглэжээ.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр АНУ-д 750 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 40 мянга гаруй хүн нас барсан байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч коронавирусний тархалтыг мөрдөн шалгах зорилгоор БНХАУ руу мэргэжилтнүүдийг илгээх хүсэлтэй хэвээр байгаагаа илэрхийлжээ. АНУ-ын талаас ийм хүсэлтийг өмнө нь гаргасан боловч татгалзсан хариу авчээ.

Цагаан ордон халдварын талаарх үнэн зөв мэдээллээ өгөхгүй байна хэмээн БНХАУ-ыг буруутгаж байгаа ажээ.

“Бид Хятадын талтай хэлэлцэж байгаа. Бид тэдэнтэй улс орон руу нь нэвтрэх талаар аль эрт ярилцсан. Бид тус улсад очмоор байна” гэж Д.Трамп коронавирусний асуудлаарх өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


URL: