Цэц “Эцэг хууль”-аас өмнө төрсөн хуулиудийг шүүх эрхтэй болов

10989

Монголчууд шинэ Үндсэн хуулиа “Эцэг хууль” гэж нэрлэдэг. Энэ бол хүндэтгэсэн хэлбэр. Нөгөөтэйгүүр бусад бүх хууль энэ хуулийн суурь зарчим, агуулгаас салбарлаж бий болсноос гадна энэ хуультай тэрсэлдэж зөрчилдөх ёсгүй. Ийм учраас Үндсэн хуулийг “Эцэг хууль” гэж нэрлэдэг юм. Хүүхэд эцэг, эхээсээ өмнө төрсөн байж таарахгүй. Гэвч “Эцэг хууль”-иас ч өмнө төрсөн хэрнээ одоо ч хүчинтэй хэвээр байгаа хуулиуд бий. Үүнийг нэг нь шинэ Үндсэн хууль батлагдахаас өмнө буюу 1991 оны нэгдүгээр сарын 4-нд Улсын бага хурлаас баталсан Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль. У.Хүрэлсүхийн Засгийн газар одоогоос жил гаруйн өмнө энэ хуулийн дагуу уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргасан. Засгийн газар уржигдрийн хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмээ зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа. Мөн Үндсэн хуулийн цэц үүнтэй зэрэгцэн бас нэгэн шийдвэр гаргав. Энэ хоёр шийдвэр нь хоорондоо уялдаатай.

Цэц уржигдар Дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хянан хэлэлцсэн юм. Нэр бүхий иргэд “1992 оны хоёрдугаар сарын 12-ноос өмнө батлагдсан боловч одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэх боломжгүй байна” гэж үзэн Цэцэд хандсан юм байна. Цэц тэдний мэдээллийн дагуу хуралдаж “Дээрх заалт нь Цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэлээ. Улмаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг уржигдраас эхлэн түдгэлзүүллээ.

Жил гаруйн өмнө “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргахад зарим хуульч “Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа Улсын бага хурлаас 1991 онд баталсан хуулийг үндэслэсэн нь буруу. Учир нь, энэ хууль Монгол Улс зах зээлийн харилцаанд дөнгөж шилжиж байсан үед буюу бараа бүтээгдэхүүний хомсдол бий болчихсон, үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол гарч болзошгүй үеийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор гарсан хууль. Харин бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталсан” гэж байлаа. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Бид хууль тайлбарладаг холбогдох байгууллагуудаас лавлагаа авсан. Тиймээс үүн дээр эрх зүйн зөрчил гарахгүй. Энэ бол 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш хоёр ч удаа хэрэглэгдэж байсан эрх зүйн баримт бичиг” гэж байв. Тухайн үед үүнийг эсэргүүцэж байсан хуульчид Үндсэн хуулийн Цэцэд хандсан бол “Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн бий” гээд Цэц марган үүсгэхгүй байхаар байж. Харин уржигдар Цэц энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд үйлчлэлийг нь түдгэлзүүлчихсэн учраас Цэц Үндсэн хуулиас өмнө батлагдсан хуулиуд, түүнд тулгуурлан гаргасан шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх боломжтой болж байна. Ийнхүү гарц нь нээгдсэн учраас удахгүй Засгийн газрын “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон шийдвэр нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх гомдол Цэцэд очиж мэдэх юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц “Эцэг хууль”-аас өмнө төрсөн хуулиудыг шүүн хэлэлцэх эрхтэй болчихлоо шүү дээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуулиас өмнө батлагдсан ч одоо хэр нь хүчинтэй хэвээр байгаа нэлээд хэдэн хууль бий. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн жагсаалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн www.legalinfo.mn цахим хуудсанд байрладаг. УИХ-аас баталсан хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдэж хүчин төгөлдөр болсны дараа уг цахим хуудсанд байршдаг юм. Одоогийн байдлаар 728 хууль энэхүү цахим хуудсанд байршжээ. Уг жагсаалтаас шүүж үзвэл “Эцэг хууль”-иас өмнө батлагдсан найман хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Тэдний нэг нь мэдээж Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль. Энэ найман хуулиас хамгийн эртнийх нь 1957 оны дөрөвдүгээр сарын 3-нд батлагдсан Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хууль юм. Энэ мэт “Эцэг хууль”-аас өмнө батлагдсан ямар хууль одоо хүртэл хүчин төгөлдөр байгааг танилцуулъя.

Цэц “Эцэг хууль”-аас өмнө төрсөн хуулиудийг шүүх эрхтэй болов

ЭХ СУРВАЛЖ: С.ШИЙЛЭГТӨМӨР, EAGLE.MN


URL: