Баярлуулан гомдоодог Засгийн газар байж болохгүй

386

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед  Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.   Гэхдээ Засгийн газар, УОК, ЭМЯ, Сангийн яам гээд холбогдох байгууллагууд онцгой нөхцөлд “нэг цонх”-оор ажиллаж чадахгүй байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийдэг, түүний маргааш дахин нэг сайд нь гараад өөр зүйл ярьдаг.  Холбогдох газар хэлтэс дээр очихоор зарим асуудал бүүр юу ч биш болж байна.  Улс төрийн хэллэгээр бол Засгийн газрын поп мэдэгдлүүд хэтэрлээ. Үүнээс болж иргэд нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй, хүлээлт үүсгэж, асуултын тэмдэгтэйгээр, төрийн байгууллага, банкны хаалга татах болов.  Гэсэн ч тэндээс хүссэн хариултаа авч чадахгүй байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээнүүдээ зарлаж мэдэгдэл хийсэн.  НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих гээд их л сүржин мэдэгдсэн.  Үүний дараа түүний хувь улстөрчийн рейтенг ч өссөн байх.  Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэр шиг үгс хэрэгжихгүй байсаар хайлж дууслаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17.

Ерөнхий  сайдын мэдэгдлээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Зүй нь бол аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бүх зүйл тодорхой болсны дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоо судалгаагүй,  хөрөнгийн эх үүсвэргүй, парламентаасаа ч зөвшөөрөл авалгүйгээр гэнэт нэг өдөр гарч ирээд л поп мэдэгдлээ хийчихсэн байдаг.

Ерөнхий сайдын мэдэгдлийн араас парламент хуулиа баталж, төрийн байгууллагууд одоо дүрэм журам батлахаар ажиллаж байх жишээтэй.  Ийнхүү “Ковид-19” дэлхий нийтэд тархсан онцгой нөхцөл Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр, маргааш хэрхэн өрнөж байгааг “Timeline” булангаараа онцолж байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: