Ж.Амгалан: Үүргээ гүйцэтгээд 49 хоног гэртээ хариагүй яваа албан хаагч байна

383

УОК-ын Шуурхай штабын гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш нийт хэчнээн албан хаагч үүрэг гүйцэтггэж байна вэ? 

-Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цагдаагийн байгууллага хорио цээр дэглэм сахиулахаар бэлтгэл ажлаа хангаж ажилласан. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсны дараагаас цагдаагийн байгууллагын 4200 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Ачаалал өндөр байна. Хамгийн олон хоног буюу нийт 49 хоног гэртээ хариагүй цагдаагийн албан хаагч байна. Яг халдвар хамгааллын дэглэм сахиулахаар нийт 720 албан хаагч ажиллаж байна.

-Халдвар хамгааллын дэглэм сахиулахаар яг тусгаарлах байр, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа албан хаагчийнхаа ажиллах цагийг ер нь хэрхэн яаж зохицуулж байгаа вэ? 

-БНХАУ-ын Ухань хотод гэхэд эхний ээлжинд 3000 гаруй цагдаа ажиллах шиг болсон. АНУ-д 1400 албан хаагч халдвар авчихсан. Тэгэхээр цагдаа, эмч нар халдвар авах магадлал хамгийн өндөр. Тиймээс аюулгүй байдлыг нь хангах нь хамгийн чухал тул тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилласан. Энэ дагуу манай албан хаагчид 14 хоног тусгаарлагдан үүрэг гүйцэтгээд, 14 хоног гэрийн тусгаарлалтад дэглэм сахиулж ажиллаж байна. Хоёр ээлжээр ажиллаж байна.

-14 хоног гэрийн тусгаарлалтад орчихоор хүн хүчний хүрэлцээ хэр байгаа вэ? 

-Одоогоор нөхцөл байдал гайгүй. Гэхдээ тусгаарлах байрууд олшроод ирвэл хүндэрнэ. Одоогийн байдлаар бүрэлдэхүүнээ цуваажилтад оруулсан. Мөн ЭЦГ, Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх албаны албан хаагчдыг татаж оруулж байгаа тул гайгүй байна. Тээврийн цагдаагийн алба, Хэв журмыг хамгаалах албанд гол ачаалал ирж байна.

-Цагдаагийн албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ? 

-Хамгаалах хувцас хэрэгслийн хувьд хангалттай сайн байна. Нөөц бололцоо бий. Цахимаар цагдаагийн албан хаагчдад хувцас өмсүүлээгүй. Эмч нарт өмсүүлсэн байна гэх зэрэг шүүмжлэл байсан. Мэдээж эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа бүх албан хаагчдыг хамгаалах хувцас хэрэгслээр хангаж ажиллаж байгаа. Эрсдэлгүй ногоон бүсэд бол амны хаалт, нүүрний хаалт хэрэглээд ажиллаж байна. Бид дүрэм журмынхаа дагуу ажиллаж байна. Төсөв санхүүдээ тааруулаад ажиллаж байгаа. Гэхдээ мэдээж хотын төвөөр, эрсдэлгүй бүсэд байгаа албан хаагчдыг иж бүрэн хувцаслаад ажиллуулвал иргэдийг ч айдаст автуулах эрсдэлтэй. Тиймээс яг голомтын бүсэд ажиллаж байгаа албан хаагчдыг хамгаалалтын хувцсаар хангаад, солиод, өмссөн хувцсыг нь устгаад явж байна. Эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавьж байгаа.

-Хорио цээрийн дэглэмийн үеэр яг ямар зөрчил түлхүү гарч байна вэ? 

-Тусгаарлах байртай холбоотой архины зөрчил, дэглэм зөрчих зөрчлүүд гарч байсан бол одоо энэ төрлийн зөрчил арилсан. Иргэд ухамсартай байна. Мөн гадаадаас ирж байгаа иргэд монголд очоод халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь зүйтэй гэсэн ойлголттой болсон байна. Харин архитай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн зөрчил нэмэгдэж байна.

-Гэрийн дэглэм сахиулахаар гарсан иргэд утсаа салгах, хаяган дээрээ байхгүй, ажлаа хийгээд явж байна гэх мэдээллүүд маш их байна? 

-Гэртээ дэглэм сахиулах ёстой 13 иргэнийг эрэн сурвалжилж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Гэртээ дэглэм сахиулж байгаа иргэдийг цагдаагийн байгууллага, аймаг сумдын онцгой комиссын штаб хянаж байна. Одоо тусгаарлах журмыг бүр нарийн зохицуулна. Үүнд анхаарал асуудал маш их байна. Жишээ нь, монгол гэрт амьдарч байгаа иргэн, хажуу өрөө хөлсөлдөг иргэн, нэг өрөө байранд амьдарч байгаа иргэдийг хэрхэн, яаж тусгаарлахыг зохицуулах асуудал байгаа.

-Гэрийн хорионд байгаа иргэдээс зөрчил гаргасан иргэд байна уу? 

-Мэдээж байгаа. Жишээ нь, Завхан аймагт хаягаа өгчихөөд өөрөө Улаанбаатарт тусгаарлагдаж байгаа иргэн байна. Баян-Өлгий аймагт гэрийн хорионд байсан иргэн шөнө гараад баар саваар архи уугаад явсан гэх мэт тохиолдлууд байна. Энэ бүх зүйлийг хэвлэлээр яриад байх утгагүй. Гэхдээ мэдээж дор бүр нь арга хэмжээ аваад явж байгаа. Зөрчил гаргасан иргэдийн гэрийнх нь хаалган дээр нь “тусгаарлалт” гэсэн наалт нааж байгаа. Мөн цаашдаа унаж байгаа тээврийн хэрэгсэлд нь ч наалт наах арга хэмжээг авна.

Б.Аз


URL: