“Арвижих” нэртэй банк байгуулахаар Ч.Хүрэлбаатар сайд лоббидож явна гэв үү
Өнгөрсөн 30 жилд хэчнээн ч банк байгуулав, хэд нь ч дампуурав тоогоо алджээ. Тэндээс хэсэг бүлэг хүмүүс хожиж, хэд гурав нь “дээлээ нөмөрснөөр” банкны салбарын дампуурлаас хадгаламж эзэмшигчид хохирсоор ирсэн гашуун сургамж, түүх бидэнд бий. Саяхан дампуурсан УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн гэх тодотголтой “Капитал” банкны тухай дуулиан шуугианы мөр арилж амжаагүй байна. Үүний араас “Ариг”, “Чингис” банкинд Монголбанкнаас банкны эрх хүлээн авагч томилоод буй. Товчхондоо, дампуурлын ирмэгт байна гэсэн үг. Угаас банк, санхүүгийн зах зээл манайд эмзэг. Атал салбар бүрт бизнесээ өргөжүүлж, зузаатгасан зарим аж ахуйн нэгж банк санхүүгийн зах зээлд тоглогч болохоор зүтгэцгээх болж. Үүний тод жишээ MCS группийн байгуулахаар улстөрчдийг лоббидох болсон “Арвижих” банк юм.
Уг нь бол “М” нэртэй банк байгуулах төсөл юм билээ. Нэр нь саяхнаас “Арвижих” болж өөрчлөгдсөн аж. Энэ банк ямар ч салбаргүй цахим үйлчилгээ явуулахаар зөвшөөрөл хөөцөлдөж байгаа аж. Тодруулбал, MCS групп одоогоос гурван жилийн өмнөөс “М” төслийг эхлүүлж, Монголын анхны интернэт буюу дижижтал банк байгуулах бэлтгэл ажлаа базааж эхэлсэн байна. Эх сурвалжийн баримтаар, “Арвижих” банкны зөвшөөрлийг олгуулах асуудлаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэлээд хөөцөлдсөн ч бүтэлгүйтсэн учир Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар лоббидуулж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнийг МCS-тэй холбож, улс төрийн хүрээнд ярьдаг. Тэр тус группийн барьсан тансаг зэрэглэлийн “Будда виста” хотхонд тэрбум хол давсан үнэтэй байранд амьдардаг гэх. Түүний эхнэр Р.Саранцэцэг Монголбанкны мөнгөн тэмдэгтийн газрын захирлаар ажилладаг. Р.Саранцэцэгийн төрсөн ах Р.Ганболд MCS ггруппийн ТУЗ-ийн дарга аж. Тиймдээ ч Ч.Хүрэлбаатар сайд Univison, Ddish ТВ зэрэг компаниас хувь эзэмшдэг гэх мэдээлэл байдаг ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр дурдаагүй байх юм. Угаас Монгол Улсын сангийн түлхүүрийг атгаж буй хүн энд тэндээс хувьцаа эзэмшдэг байвал хардагдах, тэр байгууллагынхаа нөлөөнд автсан шийдвэр гаргах магадлалтайд тооцогдох учир хувьцаа, данс тооцоогоо өөр хүний нэр дээр шилжүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар боловч МСS-ийнхэн улс төр дэх өөрийн төлөөний хүмүүсээрээ дамжуулж, ТУЗ-ийн дарга Р.Ганболд нь хүргэн дүүгээ ятгаж банкны зөвшөөрөл авахаар зүтгэж буй аж.
Харин “М” төслийн талаар Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа “MCS групп арилжааны банк байгуулах хүсэлтээ жил гаруйн өмнө Монголбанкинд гаргасан. Гэхдээ Монголбанкнаас албан ёсоор зөвшөөрөл олгоогүй байгаа. Мэдээж аливаа аж ахуйн нэгж, иргэн банк байгуулах болзол, шаардлага хангасан гэж үзвэл Монголбанкинд зөвшөөрөл хүсэх, өргөдлөө өгөх эрхтэй. Үүний дагуу хяналт шалгалтын зөвлөл болон захирлуудын зөвлөл журмаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ зөвхөн зөвлөх эрхтэй хэлэлцдэг бөгөөд эцсийн шийдвэрийг хуулиар Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийддэг” гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан банкны салбарт реформ хийнэ хэмээн ажлын хэсэг хууль тогтоох байгууллагаас гаргажээ. Уг ажлын хэсгийн гишүүдийн өгсөн мэдээллээр “М” банкны зөвшөөрлийг олгох тухай ярьж байгаа аж. Энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь шинээр байгуулагдах банкинд хамгийн багадаа таван хувьцаа эзэмшигч байх ёстой. Банкны зөвшөөрөл авахаар холбогдох газруудад, хүмүүст зүтгүүлснийхээ шагналд Ч.Хүрэлбаатар нэг хувьцаа эзэмшигч нь болох уу гэх хардлага ч төрж байна.
Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчлэхгүй юм. Мөнгө, эрх мэдэлтэй хэн дуртай нь ядарсан иргэдийн халаасыг тэмтэрч, сэгсэрч байх. Иймдээ ч ядуурал буурахгүй, гурван хүний нэг нь ядуу хэвээр байгаа юм. Бизнесээ хамгаалах гэж улстөрчдийг лоббидно, сүүлдээ санхүүгийн зах зээлд ашиг хонжоо олох гэж, хүүлэлтийн систем ноёлуулах гэж, монополь болох гэж улайрна. Монгол Улс MSС гэдэг байгууллагад ямар ч өргүй байлтай. Цаашлаад арилжааны хэдэн банкаа системээр нь дэмжиж, зөв зохистой ажиллуулж чадахгүй байж юун дижитал, цахим банк вэ, Ч.Хүрэлбаатар сайд аа. Монгол бол жижиг зах зээлтэй орон. Эдийн засаг савлахдаа ч амархан. “Саваагүй нохой саранд хуцна” гэгчээр албан тушаалтай байхдаа гаргасан, нөлөөлсөн шийдвэр тань хожим “дээлээ нөмрөхөд” хүргэх вий. Сав л хийвэл арилжааны банкууддаа “асуудлыг өөрөөр ярина шүү” гэж “дээрэлхэнэ”, байсхийгээд дампууруулна. Одоо дижитал болгож, хялбаршуулах нэрээр цахим банкны эрх олгохоор хөшигний ард ярилцаж буй ч саар үр дүн гарвал хариуцлагыг хэн хүлээх вэ. Санхүүгийн зах зээлийн 95-96 хувийг нуруундаа үүрч явдаг арилжааны банкуудаа бодож үзсэн болов уу. Үүний цаана ард түмэн гэдэг том эрх ашиг бийг мартаж боломгүй байна.
Үндэсний шуудан
URL: