С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтнүүд, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 15 дохионы хэлний багш нар 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын байдлаар теле хичээлд оролцогч хүүхдүүдийн оролцоо 81 хувьтай байсан. Энэ тоо буурч, хүүхдүүдийн оролцоо 66 хувьтай болсон. Хичээл сургууль есдүгээр сарын 1 хүртэл хойшлох шийдвэр гарсны дараа теле хичээлийн оролцоо багассан” гэсэн юм. Мөн “Танхимын сургалтаар үзэх хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр зохион байгуулж байна. Үлдсэн нь агуулгын алдагдалтай байгаа юм. Танхимын сургалтаар олж авах агуулгыг теле хичээлээр авах нь учир дутагдалтай байгаа. Бага боловсролын хувьд нийт 1169 цагийн хичээл үзэх ёстойгоос 571 теле хичээлийг зохион байгуулж орсон байна” гэдгийг онцлон хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчдын мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан “Мэдээллийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусын халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна” гэдгийг хотын Захирагч анхаарууллаа.
“Хүүхэд, залууст хөл хориотой байгаа энэ үе бол цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Зайны сургалт амар хялбар, өгөөжтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй. Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартайгаа хамтарч үг, үйлдэл, бодлого шийдвэрээ нэгтгэж, олон нийтийн болон бусад байгууллагын оролцоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг, даалгавар өглөө.
Дашрамд дурьдахад, коронавирусаас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн төрийн болон төрийн бус сургуулийн бүх багш нар нэг өдрийн цалин болох нийт 220 гаруй сая төгрөгийг нийслэлийн Онцгой комисст хандивлаж байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Халдварт өвчинтэй тэмцэж буй онцгой байдал болон мэргэжлийн бусад албан хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл байдал, хувийн хэрэгслээ хангаж ажиллахад санаа тавьж, анхааран хандив тусламж үзүүлж байгаа багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт албан хаагчдадаа нийт нийслэлийн иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
URL: