Ирэх өвөл эрчим хүч доголдож мэднэ
Улс орны зүрх нь болсон эрчим хүчний станц барих ажил коронавирусаас болж зогсож байгаа талаар салбарын сайд ярьж байна. Учир нь замын бүтээн байгуулалтад ажиллах гадны иргэдийг оруулж ирэхгүй гэсэн шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний дөрвөн станц барих ажил зогсоход хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, “ТЭЦ 4” станцын дөрвөн генераторыг барих 80 хүн, “Эрдэнэт” үйлдвэрийн ДЦС-д ажиллах БНХАУ-ын нарийн мэргэжлийн ажилчид орж ирээгүйгээс болж эдгээр ажил зогссон байна. Түүнчлэн Чойбалсан, Багануурын цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн ажил бас зогсчээ. Ингэснээр 2020, 2021 оны өвөл оргил ачааллын үед хэрэглээ дийлэхгүй эрчим хүч тасалдаж, доголдол үүсэхээр байгааг хэлж байна. Улсын хэмжээнд жил бүр 60-80 мянган мга ватт-аар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа юм байна. Эдгээр эх үүсгүүрийн бүтээн байгуулалт зогсноор хамгийн түрүүнд 3,4 хорооллын хэрэглээг хязгаарлах нөхцөл үүсэх аж. Иргэдийн эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх ч ирээдүйд үүсэх эрчим хүчний тасалдал, доголдлыг тооцож гадны ажилчдыг нарийн шинжилгээнд хамруулж тусгаарлах улмаар ажилд нь оруулах боломж Засгийн газарт байгааг онцолж байна. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 7.2 миллярд кВат.ц эрчим хүч импортолсон. Энэ нь өмнөх оноос бага зэрэг буурсан аж. “ТЭЦ 4” хамгийн хямд үнээр цахилгаан үйлдвэрлэдэг. Өвлийн ид ачааллын үе болох оройн 18-19 цагт эрчим хүчээ ОХУ-аас нэмж импортолдог байсан бол өнгөрсөн өвөл цаг агаар салхи ихтэй байсан учраас сэргээгдэх үүсгүүрээр нэмэлт эрчим хүчээр хангасан нь давуу талтай ч үнэ нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд дулааны станцууд нийт 6. 3 тэрбум кВт.ц, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр 654 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж 7.0 орчим тэрбум кВт.ц цахилгаан болжээ. Ингэснээр ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч 372 кВт.ц болжээ. Харин БНХАУ-аас импортолдог цахилгааны хэмжээ өссөн байна.
Одоогоор манай улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410 сая кВт болж 5.0 орчим хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт-т хүрчээ. Иймээс гадны ажиллах хүч оруулж ирэх шийдвэрээ эргэн харах шаардлага үүсчээ. Амьдрлын анхдагч хэрэгцээ болсон эрчим хүчний асуудалд төр бодлогоор төсөв хөрөнгөө харамгүй зарцуулах учиртай.
Үе үеийн Засгийн газар сонгууль эхлэхийн өмнө бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажил эхлүүлчихээд сонгуулийн үр дүнгээс шалтгаалан цааш үргэлжлэх, зогсох, царцах дүр зураг ажиглагддаг. Үүнээс болж улсын болоод ард түмний эрх ашиг хохирдог.
URL: http://www.fact.mn/423971.html