Л.Түдэв агсан Б.Шүүдэрцэцэг, Б.Сарантуяа нарыг сүүлчийн нийтлэлдээ онцолжээ
Монголын их соён гийгүүлэгч, Төрийн хошой шагналт зохиолч Л.Түдэв “Дал” сониныхоо сүүлийн дугаарт “Эрчүүд өөрсдөө өөрснөө хөнөөдгөө ухаараасай даа” нэртэй нийтлэл бичиж монгол эрчүүдийн доройтлыг өвөрмөц өнцгөөс нь шүүмжилжээ. Их зохиолч нийтлэлдээ Монголын салбар бүрд эмэгтэйчүүд улам хүчирхэгжин манлайлах болсныг дурдаад, уран зохиолын салбарыг онцлон Б.Шүүдэрцэцэг, Бямбын Сарантяа нарын эмэгтэй зохиолчид, хатдын түүхээр мэргэшсэн түүхийн ухааны доктор Д.Энхцэцэг, гавьяат багш Ж.Урангуа нарын бүтээлийг сайшаан тэмдэглэжээ. Энэ нь 85 сүүдэр зооглосон эрдэмтэн зохиолчийн одун ухаан сэргэг хэвээр, өнөөгийн нийгэм соёлын амьдралыг хэр сайн мэдэж, өнөөгийн нийгмийг хичнээн бодитойгоор үнэлж цэгнэж чадаж байсны илрэл юм.
Хөдөлмөрийн баатар Л.Түдэв агсан энэхүү нийтлэлдээ “…Урсах жилүүдээс эмэгтэйчүүдийн идэвхжил байнга хүчтэй, бас шинэлэг болсныг ганцхан жишээ, тухайлбал эмэгтэй зохиолчид, тэр тусмаа хатан, хааны түүх намтар бичсэнийг дурдвал зохиолч эмэгтэй Б.Шүүдэрцэцэг “Ану хатан”, “Хотол цагаан гүнж” \романууд\ зохиолч эмэгтэй Б.Сарантуяа “Сорхагтуни хатан”, “Самар хатан”, Д.Энхцэцэг, Ж.Урангуа нар “Монгол хатад” гэсэн номыг бичиж хэвлүүлжээ.
Түрүүчийн зуунд эмэгтэй байтугай, эрэгтэй зохиолчид, эмэгтэй хүн, тэр байтугай нэртэй хатдын тухай нэг зохиомж роман, бичээгүйг дурдахад л эрчүүдийн хоцрогдлыг бас өрөөсгөл бичлэгийг гэрчлээд байна…” гэсэн байна.
Өнөөдөр Интерном их дэлгүүрийн уран зохиолын бестселлерийг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Улаан могой” роман, Б.Сарантуяа “Тогосын цөс” романаараа тэргүүлж байгаа нь их соён гийгүүлэгчийн билгүүн харааг гэрчилнэ.
URL: