Иргэдээ “гөлөг” болгодог, тайчигч баар “ажиллуулдаг” хүмүүс хүний эрхийг хамгаалах уу

317

Монгол Улсад хүний эрх шороотой хутгалдчихсан. Бидэнд цахим сүлжээгээр нэгнийгээ газар дор ортол муулахаас өөр эрх байгаа бил үү.  Дарга нар, эрх мэдэлтэн, албан тушаалтан хүсэх л юм бол энгийн иргэнийг яаж ч дээрэлхэж, дарамталж, юу ч биш болгож болно.  Ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэл хэрээс хэтэрсэн. Авлига өгөхгүй бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх,  эхчүүд сэтгэл амар амаржих боломж ч манайд алга.  Хууль, хяналтын байгууллагад хүний эрхийг уландаа гишгэх албан хаагчид цөөнгүй. Өвлийн хүйтэнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг хөл нүцгэн мөсөн дээгүүр явуулсан жишээ өнгөрсөн жилийн Хүний эрхийн илтгэлд гарч л байлаа.

Ардчилсан, хүнлэг нийгэмтэй гэх Монгол Улсад хүний эрх хөлийн чигчий хуруунаас ч богино болчихсон энэ үед хамгаалах газар гэж байгаа бил үү.  Үндсэн хуульд заасан амьд явах эрхийг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, тааваараа ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, хангах газар байна уу. Уг нь ХЭҮК гэж байгууллага бий. Жил бүр л хүний эрх ингэж зөрчигдөж байна, тэгж зөрчигдлөө гээд илтгэл гаргадаг.  Хүний эрх Монголд яаж зөрчигдөж байгааг хангалттай гаргаж ирж байгаа газар. Гэвч жишээг нь олж байгаа шигээ хамгаалах чиглэлээр ажил хийж байна уу гэдэг нь эргэлзээтэй.

ХЭҮК-ын даргаар 2016 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Ж.Бямбадоржийг томилж байлаа.  Ерөнхийдөө 2010 оноос хойш л Ж.Бямбадорж гуай энэ чиглэлээр ажилласан, манай хамгийн туршлагатай хуульчдын нэг.  Хүний эрхийн төлөө тууштай ажиллана гэдэгт олон хүн итгэж байсан.  Эрх мэдлийнхээ хүрээнд чадлаараа л ажилласан байх.  Гэхдээ л тэр эрхийг нь хамгаалах ёстой иргэдийнхээ төлөөллийг “гөлөг” гэж дуудаж, гөлөгнүүдтэй гөлөг шиг харилцаж байхыг хүчингийн хэргийн сэжигтнээр баривчлагдсан нөхөрт зөвлөж байх жишээтэй.  Ийм хүн бусдын эрхийг хамгаалахын төлөө чин сэтгэлээсээ ажиллах уу.  Өчигдөр энэ хүн ажлаа өглөө. Тэгэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн. Иргэдийг “гөлөг” болгосноо өхөөрдсөн гэж тайлбарлаж ч байх шиг. Доромжилж чадаж байгаа юм шүү. Уг нь “Би тухайн үед жаахан бухимдаад өөрийн эрхгүй тэгээд ярьчихсан байна билээ. Миний буруу, намайг уучлаарай. Хариуцлагаа хүлээгээд ажлаа өгье” гэсэн бол ямар гоё харагдах байв. Гэвч шахалтаар ажлаа өгч байх шиг байна.

Гэхдээ түүнийг ажлаа өгөхийг шахаж авах нь зөв.  Монголд хүний эрхийн төлөө тэмцчих, ажиллачих ядаж 50 настай хүн олдохгүй л байв гэж. 66 нас хүрсэн хүнийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Нам дагасан хэдэн өвгөчүүлээ тэтгэвэрт нь гаргачихгүй, тавьчих албан тушаал болгон руу чихдэг булай жишгээ одоо боль.  Туршлага хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ 45-аас дээш насны, ид жагсаж яваа хүнийг туршлагагүй гэж хэн хэлэх юм. Одоо тушрлагатай, тэгсэн мөртлөө ажил хийчих боломжгүй, тэтгэврийн насанд хүрээгүй хүмүүстээ ачаа үүрүүл. Энэ мэт тэтгэврийн өвгөчүүлээ гавьяаных нь амралтад гарга л даа.

Нэгэнт ХЭҮК-ын дарга нь ажлаа өгч байгаа юм чинь, зарим нэг муу нэр зүүж, луу дансанд бичигдээд байгаа гишүүд нь хамт явчих хэрэгтэй.  П.Оюунчимэг гэгч баянаа барьж дийлэхгүй нэг гишүүн ХЭҮК-т бий.  Олон хэвлэл түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж тавьж, 2014 онд гэхэд гэр бүлийн жилийн орлого нь 3.9 тэрбум байсныг зарласан.  Өөрөө хүний эрх зөрчсөн гэх мэдээлэл хангалттай гарлаа. “Энэ авгай намайг шоронд хийчихнэ дээ гэж мэдэхгүй л байна тэ. Би утасдаад л наадахаа барь гээд, шоронд хийлгэнэ” гэж ярьж суух хүн ХЭҮК-т ажиллаж байж таарах уу. Хамгийн сүүлд тайчигч баар “ажилуулдаг”, охид бүсгүйчүүдийн эрхийг зөрчдөг гэх асуудлыг хэвлэл хөндөж тавьсан.  Ийм байж таарах уу даа.  Энэ улсад хүний эрхийг хамгаалахын төлөө хоёргүй сэтгэлээр, чин зүтгэлээр ажиллачих хүн олон л байгаа байлтай.

Тиймээс өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгчих өө. Өөрөө хүний эрх зөрчсөн асуудалд орооцолдож суугаа хүн яаж бусдын зөрчигсөн эрхийг хамгаалахын төлөө ажиллах юм бэ.  Итгэл үнэмшил төрөхгүй байна. Төр гэж байдаг юм бол хамтад нь хариуцлага тооцох нь ч зөв.

Эх Сурвалж: Zaluucom.mn

http://www.zaluucom.mn/read/491785c9a


URL: