Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд
Ундуй, сундуй ном, бичиг цаасан дунд
Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж
Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна
Говь-Алтай, Нарангийн сургуулийн модон цүнхтэй жаал
Гоц мэргэн, Янжинлхам бурхны хайртай боол
Нармай их өвгөдийн хол харвасан сүнс мэт
Нар, олноос далд энд юунд бүгнэ?
Есөн өрлөг цэцэлсэн энэ ногоон газар дээр
Ертөнц багтсан ухаантан хэд билээ
Ергөж, тогтож ергөсөн төрийн хэргийг түшихэд
Ерөөл билгээр дутахгүй түшмэл хэд билээ
Уолт Уитмен, оросын Толстой, Гарсиа Лоркаг
Унаган хэлээр нь тунгааж урамтай туурвих хэн билээ
Эд мөнгөнд архинаас дор донтсон эх орноо
Рипений суут “барлагууд” шиг намгаас чангаах иргэн хэд билээ
Уйтан харанхуй намхан өнөө л жаалхан өрөөндөө
Ундуй, сундуй ном, бичиг цаасан дундаа
Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж
Гуу нь багадсан бурхан мэт Лодонгийн Түдэв сууна
Цаст Алтайн сугад үнэнхүү багш явж
Цагаан, шар, хартай ертөнцөөр ном хаяж
Цагаачийгаа хайрлах мэт гэмгүй бүгдийг энэрч
Цаг цагийн буулган дор мэргэн шударгуу байж
Аймшигт харанхуйн дундах зул байтал
Азаар бидэнд заяасан нь зол байтал
Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан
Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан
Цэвдэг эх орон нь дахиад л түүгээр гараа угаав
Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв
Атаач мунхгуудын санаанд бол яасан их мэддэг Лүдэв
Эзэн төрийн ширээнд залъя гэж нэг нь эндээс босов
Эрээгүй нүдээр хялайж тэндээс нөгөө нь босов
Дэвж явсан шувууг унагаж байж амрах шиг
Дэргэж явсан хүлгийнхээ толгой руу тонших шиг
Дэгс үгээр түүнийг чулуу шиг нүүлгэв
Тэрсүү нүглийг нь уудлахаас сүрдэж нэг нь айв
Тэнэгийг минь мэдчихнэ гэж бэргэж нөгөө нь айв
Түдэвгүй амар, дэргэд нь жижигдэхгүй амар гэж айв
Түшээ нараа голуулж бажгадахгүй амар гэж айв
Алс дүүжүү замд гэрэлгүй машинаар гарах шиг
Аяа, одоогийн ноёд Түдэвийгээ гээв
Аялгуут найрын гэрээс хуураа хаячихаад мордох шиг
Алмай мунхгийн сүрэг Түдэвийгээ гээв
Амыг нь анаад чагнахад суваг нь олон кабель
Авья өгье шагнал нь сураг төдий Нобел
Арван ухаанд гийсэн монгол бидний Ломоносов
Алтай ханы нуган Лодон овогт Түдэв ээ
Сайн хүнээс битгий а, Түдэвээс битгий ай
Салхи давчдам өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ
Саргүй шөнө мэт бүрэнхий өөрснөөсөө л ай
Сайрхуу дээдэст үү, сажилж яваа олонд уу, хэндээ би хэлдэг билээ
Оюунтай хүний үрийг шүтэхээсээ битгий ай
Олхиогүй тэнэгүүдэд сөгдсөөр ертөнцийн доог болохоосоо л ай
Оготны нүх шиг өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ
Од төөрөм харанхуй, одоо би хэндээ хэлдэг билээ?
Дөнгөтийн Цоодол
1998.07.13
Дөнгөтийн Цоодолын шүлгээс төрсөн шүлэг
Меньшиковын сууж байсан Шивэртийн байшинг
Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа биз
Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг
Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ
Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй
Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг
Тасалгааны давчууд ах чинь ердөө гунидаггүй
Танилуудынхаа сэтгэлийн давчуугаас ах чинь бэргэдэг
Уйтан харанхуй тасалгаанд ном байгаа цагт
Уйдах гэрэлгүйдэх зовлон ахад чинь байдаггүй
Ноёны суудалд залрахыг санаархсан нүглээ
Номын ширээнд суухын буянаар цайруулнам би
Тушаалтнууд надаас айдаг гэдэг нь юу л бол
Тушаа болсон дөнгө нь минийх биш юм чинь
Ноёд надаас хөндийрсөн ч уншигч надад ойрхон
Номой бичгийн хүнд отго жинс юуны тус
Зуугийн дөч нь над талтайг мэдсэн хойно
Зуун насыг тэднээс хүртсэнтэй юуны ялгал
Сайдын үгийг анзаардаггүй майга нэгэн монгол
Саваагүй үгтэй номыг минь уншдагт өегшинө
Гаргаж байгаа сонинг минь харин үзэх
Ганц уншигч байхгүй болчихвол гаслан
Бичиж гаргасан номын минь хуудсан дээгүүр
Бэлчээрлэх мэлмий нэгээхэн ч үгүй болчихвол
Уйтан нэгэн тасалгааны харанхуй байтугай
Улс орон бүхэлдээ түнэр харанхуй санагдму
Меньшиковын сууж агсан Шивэртийн тагзыг
Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа бол
Өрөө тасалгааны хэргийн учрыг эрэх хэрэггүй
Өргөө гэрээс л хамаг юмны царай илхэн биш үү
Хэндээ тэр тухай хэлэхийг олж ядах хэрэггүй
Хэлэх хүндээ дүү минь чи хэлчихлээ
Лодонгийн Түдэв
1998.12.12
URL: