Эрүүдэн шүүсэн хэргээр ингэж хэлсэн улстөрчид хаана явна вэ?

281
Өнгөрсөн жилийн өдийд хорих ангийн хонгилд хийсэн эрүүдэн шүүсэн бичлэг ил болж нийгэм даяараа айдаст автсан. Эхлээд УИХ-ын гишүүд, дараа нь сэтгүүлчдэд үзүүлсэн бичлэг тойрсон асуудал, хариуцлага нэхсэн хөдөлгөөн лав бүтэн жил тойрлоо. Түүхэнд анх удаа эрүүдэн шүүсэн бичлэгийг парламентын танхимд үзсэн гишүүд нэлээд айдастай. Гайхаж балмагдаж гарч ирснийг олон нийт мартаагүй. Төрийн түшээд бүгд л үнэн зөвийг олох ёстойг ам уралдан хэлж байв.
Мөн салбарын сайд тэргүүтэй улстөрчдийн хүний эрх ярьж, хариуцлага нэхсэн мэдэгдэл өдөр алгасахгүй хөвөрч, гурван шатны шүүхээс ял авсан хэрэгтнүүдийг суллах гарын үсэг хүртэл цуглуулж байв. Нэг ёсондоо төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх 27 минут найман секундын бичлэг улстөрчдийн хожооны хөзөр болсон гэхэд болно. Гэтэл энэ өдрөөс хойш жил гаруй хугацаа өнгөрөхөд юу өөрчлөгдөв. Хэдийгээр гэмт хэрэгтэн ч Монгол Улсын иргэнийг шоронгийн хонгилд оруулж байгаад тамласан хүмүүс нь хариуцлага хүлээсэн билүү. Хохирогчид хэмээн өндөр дуугаар өмөөрч хамгаалсан эрх дархтай албан тушаалтнууд хаана хүрээд зогсов гэдгийг эргээд нэг харъя. Эрүүдэн шүүсэн бичлэг ил болсны дараа  ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хурандаа нарын есөн хүнийг хүнийг шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй байна. Б.Хурц нарт холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд долоо хоног үргэлжилж Дээд шүүх хүртэл “явсан” ч саяхан анхан шатны шүүх рүү буцаасан. Энэ янзаараа хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй. Мөн шахаж шаарддаг хүн ч үгүй боллоо.
Өөрөөр хэлбэл, тухайн үед эрүү шүүлттэй холбоотойгоор хариуцлага нэхэж хамгийн их хашхирсан улстөрчид өнөөдөр хаана явна вэ. Өдөр алгасахгүй хөвөрсөн тэдний сүржин мэдэгдэл нийгмийг айдаст автуулж, сонгуулийн жилийн шоу болоод үлдэх вий.
Тиймээс эрүүдийн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор хамгийн олон удаа сүр дуулиантайгаар мэдэгдэл хийсэн төрийн сайд, УИХ-ын гишүүдийн үгийг эргэн сануулъя. Энд зөвхөн хэвлэлийн хурал хийснийг тоймлоход ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 5-6 удаа, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар 4-5 удаа олон нийтэд ханджээ.
2019.03.21:
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж
-С.Зоригийн амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан эрүүдэн шүүлт явагдсан. Тэр эмэгтэйтэй ч уулзсан. Өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн. Миний чадах юм энэ. Цаашид эмнэлэгт хэвтүүлж байгаад гаргана гэж бодож байгаа. Би ХЗДХ-ийн сайдын хувиар тэр гурван хүний ар гэрээс уучлал гуйж байна. Цаашлаад хариуцлагагүй шалгасан, шүүсэн хүмүүсийн асуудал яригдана. Энэ хол явах асуудал шүү.
2019.03.27:
-Эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг 2-3 жил судалсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу. Би баримтгүй зүйл ярихгүй.  Хууль номын дагуу ажилла гэсэн болохоос биш,  дуртай болгоноо хийж бай гэж шүүгч нарыг томилоогүй.
2019.03.29:
-Миний ганц зорьж байгаа зүйл бол гурван хөгшнийг амьдад нь хүүхдүүд нь алуурчин биш байсан гэдгийг л мэдүүлэх юм сан гэж зүтгэж байна. Би энэ хэргийг хөөцөлдөөд хоёр жил зургаан сар өнгөрлөө. Маш их хугацаа алдаж байна. Хэлмэгдсэн хоёр иргэнийг цагаатгах талаар хурдан хуралдаж, шийдвэрлэх хэрэгтэй. Бүгд шалгагдах ёстой. Энэ бүх ажиллагааг зохион байгуулсан хүн нь Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр.
2019.06.07:
-Эрүүдэн шүүсэн гэх хэргийг бүрэн шийдвэрлэсний дараагаар эдгээр гурван хүний асуудлыг тавина гэж хуулийн байгууллагынхан хэлдэг. Уг нь шүүхэд суллах эрх мэдэл нь байгаа ч хэрэгжүүлэхгүй байна. Манай улс эрүүдэн шүүлтийн эсрэг байж, олон улсын конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Хуулийн байгууллагуудыг улс төрийн зорилгоор ашигласны нэг үзэгдэл нь энэ онцгой нэг тохиолдол юм.
2019.03.27:
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
-Монголын хууль хяналтын байгууллага яргын машин болсныг батлах УИХ-ын гишүүд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын материал, бичлэгтэй танилцлаа. Монгол залууд хэрэг тохохын тулд жорлонгийн баастай, шээстэй усыг толгой дээр нь асгаж байхыг харлаа. Ийм аймшигтай гэмт хэргийг зориуд зохиомол хэрэг үүсгэж С.Зоригийн хэргийг хаах зорилготой ажилласан прокурор, мөрдөн байцаагч, тагнуулын ажилтныг үтэр түргэн өөрчлөх ёстой.
2019.06.05:
-Эхний 24 минутын буюу зургаа хоногийн турш эрүүдэн шүүсэн бичлэгээс түүвэрлэн үзүүлсэн. Цаашид Т.Чимгээ, Б.Содномдаржаа нараас гадна цорын ганц амьд гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгохоор бэлдэж байна.  Эрүүдэн шүүсэн нь нотлох баримтаар тогтоогдсон. Түр хорооны ажил ахицтай яваа.
2019.09.02:
-Амгаланбаатар 16 настай байхдаа С.Зоригийг хөнөөсөн гэх мэдээлэл өгсөн этгээд эрх мэдэлтнүүдэд захидал ирүүлсэн. Захидалд “Эрүүдэн шүүсэн этгээдүүд мөнгө өгнө, гадаадад гаргаж амьдруулна гэж амласан” гэсэн байна.  Одоо прокурор  ажлаа хийх ёстой. Эрүү шүүлт явуулж иргэдийг хэлмэгдүүлсэн Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
2019.10.10:
-ОУПХ-ны дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хууль хяналтын байгууллагынхан 30 жил ард түмнээс хууль бус үйл ажиллагаагаа нуусан. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя.
2019.04.24:
УИХ-ын гишүүн Л.Болд
-Эрүүдэн шүүхтэй холбоотой бичлэг ил болсноос хойш том аалзны тор хөндөгдөж, том сүлжээ задарч байна. Шинээр томилогдсон хуулийн байгууллагын удирдлагууд зоригтой ажлаа хийж байна гэж бодож байна. Өдөр өдрөөр МАНАН бүлэглэл аажим аажмаар нурж байна гэж харлаа.
2019.08.09:
-Б.Хурц нарын 9 хүний шүүх хуралд миний бие оролцоно. Эрүү шүүлтийн улмаас хэрэг хүлээж, ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах хэрэгтэй гэдэгт хатуу зогсоно. Мөн УИХ-ын таван гишүүн нэгдэж, томоохон 23 хэргийг шалгуулахаар УЕП-т хүсэлт хүргүүлсэн. Эдгээр хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг хуулийн байгууллагад хүргүүлсэн.
2019.10.10:
-Монголын төр хүний эрхийн зөрчлийг зогсоож, энэ иргэдийг чөлөөлөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхгүй бол Монгол Улс өөрөө олон улсын шүүхэд очно, төр нь өөрөө террорист төр гэдэгтэй адилтгагдана. Монгол Улс бүрэн эрхт тусгаар тогтносон улсынхаа үүргийг биелүүлэх ийм нөхцөл хязгаарлагдмал, хаагдмал болно.
2020.01.22:
-Шүүх жүжиглэж байна. Асуудлыг 30, 30 хоногоор хойшлуулж байна. Ард түмнээрээ тэднийг эрүүдэж шүүж байгаа бичлэгийг  үзсэн. Гэтэл түүнийг цаасан дээр нотлох ёстой гэж шүүх үзэж байна.  Ер нь дараагийн шатанд томоохон улс төрийн акц өрнүүлнэ.
Энэ мэтээр эрүүдэн шүүлттэй холбоотой хэргийн хариуцлагыг нэхсэн мэтээр хамгийн олон удаа шоудсан улстөрчид яагаад таг болов. Хүсвэл бүхэл бүтэн салбар хариуцсан сайд, төрийн дархан эрхтэй түшээдэд боломж гэж бий. Ер нь эрүү шүүлт хэмээн эмзэг сэдвээр жил тойрон шоудчихаад дорвитой ахиц ч гаргаагүй тэдэнд иргэд дахиад итгэх болов уу.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: