МАН нэрээ цэвэрлэж, ЖДҮХС “хоосолсон” гишүүдийг сонгуульд өрсөлдүүлэхгүй
Сонгууль хойшилчихгүй бол ердөө хоёр сар гаруйн дараа болох гэж байна. Өвчлөлийн байдал аюулын хэмжээнд хүрч, ямар нэг үл үзэгдэх гар саатуулчихгүй л бол эрх баригчид сонгуулийг хойшлуулахгүй гэдгийг дахин дахин зарлаж байгаа. Тэгэхээр сонгууль болох магадлал 80 хувьтай байна. Харин энэ удаагийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвшиж, өрсөлдөх вэ гэдэг сонирхолтой хэвээр. Хоёр том намын барьж буй бодлого нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлэхэд чиглэж байгаа сураг дуулдсан. Үүнийг ч баталж өчигдөр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх бүлгийнхээ хуралд оролцох үеэрээ ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ 2020 оны парламентын сонгуульд өрсөлдүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн гэнэ. Зөв шийдвэр, жишиг. Баяр хүргэж, алга ташмаар байна. Шударга ёсны хэлтэрхий ч үлдээгүй энэ нийгэмд бага ч болов гэгээтэй мэдээ. Ёстой л “хэт элбэг хууль зөрчилт дунд хэсэгхэн гэгээтэй мэдээ ч амттай” л болж байна.
МАН-аас одоо УИХ-д сууж байгаа 63 гишүүний 49 нь ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон. Одоогоос жилийн өмнө АТГ-аас шалгаад, 15-ыг “цагаатгасан”. Үлдэж буй 24 гишүүний зарим нь өөрийгөө буруугүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй, албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэх мэтээр янз бүрийн л тайлбар хийсэн. 2020 он гарсаар коронавирус дэгдэж, юун ЖДҮХС-г “дэлбэлсэн” гишүүдийн тухай ярих, таг мартчихаад байсан юм. Харин ашгүй Ерөнхий сайд өөрөө сануулж, намынхаа нэрийг цэвэрлэж, “шинэ дээл”-тэй сонгуульд оролцохоо зарлачихлаа. Одоо мэргэжлийн эдийн засагчид, мэргэшсэн хуульчдыг нэр дэвшүүлвэл бүр сайн. Хамгийн зөв жишиг болох гээд байна.
Гэхдээ үнэн мөнийг нь ялгаж салгах цаг ч бас ирсэн. ЖДҮХС-гийн зээл авсан гэгдээд байгаа гишүүдээ эцэслэж шалгаад, үнэн мөнийг нь тогтоох ёстой. Яг баталгаатай авчихсан нь хэд юм гэдгийг эцэслэж тогтоох хэрэгтэй. Жишээлбэл, зарим гишүүдийн аав, ах, дүү нь зээл авчихсан байгаа. Тэр хүн аавдаа зээл авч өгөхийн тулд гишүүнийхээ эрхийг яг ашигласан уу. Эсвэл аав нь, ах нь, дүү нь өөрөө улс оронд хэрэгтэй ажил хийгээд, төсөл хөтөлбөр нь ном журмаараа шалгараад, үйлдвэрлэл нь урагшилж байгаа юу гэдгийг шалгачих хэрэгтэй. Бас хүний сонгох, сонгогдох эрхийг зөрчиж боломгүй санагдана.
Харин үнэхээр буруутай нь тогтоогдсон, бүр ноцтой асуудал үүсгэсэн хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гээд өнгөрөх биш хариуцлага тооцох ёстой. ХХААХҮ-ийн сайд байсан Б.Батзоригт хариуцлага тооцох гээд шүүхийн шатанд яваа. Шударга үнэн гэж байдаг бол үйлдвэрлэгчдэд хүрэх ёстой боломжийг хулгайлсан хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой. Мөн УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарт “Албадан ирүүлэх тухай” шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Прокурорын газраас хүсэлт ирүүлсэн байсан. Нэгэнт л ЖДҮХС-г “хоосолсон” хүмүүсээсээ салахаар шийдсэн, сонгуульд нэр дэвшүүлэхгүй юм бол прокурорын хүсэлтийг зөвшөөрч, асуудлыг нь нэг тийш нь болгочих хэрэгтэй. Тэгвэл бүр гоё харагдах гээд байна.
Харин нэг зүйлийг хэлэхэд, ЖДҮХС-г “буулгасан”, ах, дүү, хамаатан садан дээрээ “мөнгөн бороо” оруулсан хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлэхгүй гэж манийгаа хуураад, дараа нь албан тушаалд томилохоор тохиролцоогүй биз дээ, намын дарга аа. Эхнэр нь ЖДҮХС-гаас зээл авсныг мэдээгүй байсан нэг гишүүн сонгуульд өрсөлдөлгүй, нам ялбал сайд, даргын албанд очих мөрөөдөлтэй яваа гэсэн сураг дуулдсан шүү. Ганцхан гишүүн ч биш, хэд хэдэн хүний нэр дуулдаад л байгаа. Тэртээ тэргүй иргэд ЖДҮХС-гаас “хумсалсан” хүмүүсийг сонгохгүй, сонгох битгий хэл нэг нүдээрээ ч үзэхгүй. Тэрийг нь мэдээд, гоё харагдах пиар хийгээд, дараа нь нам ялахаар албан тушаалд томилох “жүжиг” тогловол намын нэр хүнд ч ёстой шалаар нэг болно доо. Сонгууль ганцаар дуусахгүйг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.
URL: