ЦЕГ: “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг 2019 оноос хойш таван хэрэгт холбогдуулан шалгасан

15867517615e93e911b7455“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдааг баривчилсан асуудлаар ЦЕГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат тайлбар хийлээ.

Тэрбээр, “Цагдаагийн байгууллагаас 2019 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн үйлдсэн гэх гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг шалгасан.

Эрүүгийн хуулийн 23.1 .1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх”, 11.6.1-д заасан “бусдын биед хөнгөн хохирол учруулах”, 12.1 дүгээр зүйл буюу “хүчиндэх” гэмт хэрэгт холбогдуулж шалгаж байна. Эдгээрийн зарим нь шалгагдаж байгаа бол заримыг нь шийдвэрлэсэн.

Тухайлбал, Г.Загдаа нь иргэн Б, М нарыг зодож, хөнгөн хохирол учруулсан хэрэгт БЗД-ийн цагдаагийн хэлтэс мөрдөн байцаалтын ажиллагаа хийж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан зөрчил үйлдэгдсэнийг тогтоосон. Энэ дагуу 2020 оны нэгдүгээр сарын 27-нд Г.Загдаад 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулсан.

Түүнчлэн 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Д.Халиунаас  Г.Загдаад удаа дараа хүчиндүүлсэн гэдэг гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл хүлээж аваад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа цугларсан нотлох баримтыг үзээд хойшлуулшгүй тохиолдол баривчлах бүрэн эрхтэй. Тиймээс Г.Загдааг баривчилсан нь хууль ёсны дагуу явагдаж байгаа үйл ажиллагаа юм. Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулна. Цаашид саатуулах эсэхийг шүүх шийднэ” гэлээ

Үндэсний шуудан


URL: