Хөдөлмөрийн баатар Л.Түдэв таалал төгсчээ

712-1586689467ТүдэвМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч, 20-р зууны манлай сэтгүүлч, доктор, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, УБИС-ийн хүндэт профессор Л.Түдэв таалал төгсчээ.

Тэрээр 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. Улмаар 1942 – 1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950 – 1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэсэн.
Л.Түдэв нь “Соёл утга зохиол” сонины эрхлэгч, Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч дарга, дарга, МХЗЭ–ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, “Үнэн” сонины Ерөнхий Эрхлэгч, “Дал” сонины Эрхлэгчээр тус тус ажиллаж байв.
Тэрээр “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ” (шүлгүүд)
“Нөхөд” (тууж)
“Анчны тэмдэглэл” (өгүүллэгүүд)
“Нууц биш нууц” (тууж)
“Осолтой жим” (тууж)
“Уулын үер” (роман)
“Жаалууд” (өгүүллэгүүд)
Зохиогүй чимэг (өгүүллэгүүд)
“Нүүдэл” (роман)
“Алтан гадас чигийг заана” (баримтат тууж)
“Хөдөөнийхөн” (өгүүллэгүүд)
“Мөнхийн ус” (тууж)
“Хорвоотой танилцсан түүх” (тууж)
“Оргил” (шүлгийн түүвэр)
“Нүүдэл суудал” (роман)
“Ухаан” (тууж)
“Үл ажиглагдам онцгой учралууд” (хүүхдийн зохиол)
“Өнөөгийнхөн” (тууж , өгүүллэгүүд)
“Бүгд найрамдах улсын анхдугаар он” (Улс төрийн роман)
“Оройгүй сүм” (роман) зэрэг олон арван шилдэг бүтээл туурвижээ.
Л.Түдэв нь 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны Сонгуульд МАХН-аас “Монголоо Монголчууд л аварна” гэсэн уриатайгаар нэр дэвшиж байлаа.
Ийнхүү Л.Түдэв хэмээх энэ эрхэм хүн цаг хугацаа хэмээх хүний амьдралын хэмжээснээс салж, зуун зууныг дамжин Монголын түүхэнд эгнэгт мөнхрөх “амьдрал”-аа эхэллээ.
Түүний бүтээл туурвил, үзэл санаа нь Монголчуудын дунд амьд байсаар байх болно.
Мөнх хөх тэнгэр та биднийг ивээг.

URL: