Түрүүвч /богино өгүүллэг/

10834Хаврын нар төөнөсөн өдрүүд айлчлав. Өвс ногоо үндэс хөөж,дэлэнтэй нь дэлгэрдэг цаг. Осор хэмээх нэгэн эр өөрийгөө
усанд харав. Тэрбээр нүднийхээ өнгийг мартаад удсан байжээ. Боровтор
шар нүд нь цийлийсэн усны өнгөтэй болчихож. Усанд харахаар тийм харагдсаныг
анхандаа мэдсэнгүй. Үлийгээ хийж Сэлбийн
хөвөөнд ирсэн юм.Шар өвсний дундуур урсах
шар устай голыг хараад бүүр хол
оршдог Хөшөөтийн голоо санасаных гэдгээ
ойлгоод орон сууцныхаа сүрлэг барилгыг
урамгүйхэн чиглэн алхав. Замдаа Сэлбийн
хөвөөний шилэн дэлгүүрт орж эрхэм Осор
энгэрийнхээ баруун халааснаас түрүүвчээ
гаргалаа.
Түрүүвч шувууны үүр шиг дулаахан
байв. Ширэн түрүүвч гадна нүүрэндээ барын
хэв дардастай. Бар нь ямагт хүчирхэг харагдана. Осор барыг сайшаан харж мөн ч
эрэлхэг ,золбоолог амьтан шүү гэж дахиад
бахархана. Осор түрүүвчтэйгээ халуун амь
нэгтэй.
Түрүүвчийг нээнгүүт түүний хүүгийн
зураг гэрэлтэнэ. Өндөр цэх нуруутай,өргөн
ханхар цээжтэй ,туранхай залуу мөрөндөө
том цүнх үүрч дотор нь талх,ном хийгээд
алхдагсан. Хүү нь Бааварын ” Бүү март,
мартвал сөнөнө” хэмээх суут үгийг дандаа
хэлдэгсэн. Түүний амны уншлага болсон
энэ үг шидэт тарни байсан юм. Тэрээр англи хэлнийхээ бэлтгэлд сууж ирчихээд шороотой барьцалдан чулуужсан динозаврын дөрвөн өндгийг бариад гарна.
” Яахнав” гэхэд ” Гадныханд зарж мөнгө
олоод гадаадын сайн сургуульд сурнаа” гэдэгсэн. ” Хөөрхий үр минь гадагшаа
сурахаар явсан,эргэж ирээгүй ээ. Үүрд миний зүрхэнд үлдсэн. Би хүүгийнхээ дүрийг
зүрхнээсээ аваад энгэрийнхээ бартай
түрүүвчинд өдөрт хэд хэдэн удаа харахын
тулд нандигнан хадгалсан.
Осорын зүрх огшоод нүд дүүрэн нулмис өөрийн эрхгүй мэлмэрээд ирэхүй
хүүгийн тухай бодлоосоо салж талхаа
бичүүлж аваад санаа алдан түрүүвчээ
хаалаа. Түрүүвчээ нээх бүрийд хүүтэйгээ
уулзаж байгаа юм шиг Осорт санагдах нь
хэдийгээр мөнх бус амьдралын хатуу
үнэнд сөгдөж яваа ч заримдаа хайрт үртэйгээ уулзсан чинээ баяр хөөртэй болно.
Нүдэндээ гуниггүй явахыг Осор
хичээнэ. Тэрбээр барын дүрст ширэн түрүүвчээ дандаа ” цэнэгтэй” байлгана. Түрүүвч цэнэглэх гэдэг нь үргэлж мөнгө
төгрөг дүүрэн,баялаг байлгахыг хичээх
Осорын бодож олсон сэдэл бөгөөд санасандаа хүрч хүүгийнхээ гэгээн төрх,
өөрийнхөө өнчин зүрхийг баярлуулж байгаа
билээ.
Эс тэгвээс үрийн буян заяа гомдоно.
Осор бол түрүүвчээ нандин сав гэнэ. Ялангуяа эр хүн түрүүвчгүй аваас халаасаа
сэгсэрсэн тарчиг хоосон,хийморь нь үхсэн
бурангуй нэгний тоонд орж мэднэ гэж тэр боддог.
Маргааш өглөө нь Осорын толгой
дээгүүр галуун цуваа ганганан өнгөрч,
тэнгэрийн хөх цөлд хур борооны будан татаж
байв. Сэлбийн хөвөөний чийглэг агаараар
Осор ханамжтай амьсгалж алхах зуураа талх авдаг шилэн дэлгүүрээ зүглэв.
Дэлгүүрт ороод Осор түрүүвчээ нээж
хүүгээ харна,зүрхээ чагнана. Талхаа аваад
банк орно,тэнд түрүүвчээ цэнэглэнэ.

Осорын түрүүвч нь
дулаахан ,дотно ,өвсөөр доторлосон
шувууны үүр шиг жигтэй нандин санагдана.Түүний аньсага доторхи нулмисны дусал хараахан
хатаагүй боловч цээж нь цээлшиж нулмисны зангилаа тайлагдсан тул хаврын баясалд татагдан
орж тайван ягуухан чүдэнзний олон давхар
хайрцаг лугаа сүрлэг сууцныхаа зүгт алхана.
Сайхан эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг жам ёс байдаг болохоор түүний түрүүвч рүү биш зүрх рүү түр өнгийсөнөө тэмдэглэе. Бурхан өршөө !

Дамдины Жамьян


URL: