ЭМЯ: БНСУ-д очсон монгол иргэдээс халдвар илэрсэн гэх мэдээлэл ХУДЛАА
БНСУ-д очсон Монгол Улсын иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн тухай мэдээлэл сошиалаар цацагдаж, иргэдийг айдаст автуулав. Тиймээс уг мэдээллийг ЭМЯ-наас тодруулахад, “БНСУ-д очсон манай улсын таван иргэнээс коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байна. Энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байна.
Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусийн халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна. Худал хуурмаг мэдээлэл тарааж, иргэдийг айдаст хүйдэст автуулахгүй байхыг анхааруулъя. Энэ нь дархлаа сулруулах уршигтай” гэх тайлбарыг өглөө.
Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан 16 тохиолдол байгаагаас дөрвөн хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Харин 12 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Б.Аз
URL: