Ё.Баатарбилэг: Ахлах ангийн сурагчдад давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна

183

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэдгийг хэллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг “Цар тахлын хүрээнд боловсролын салбарт хөл хорио тавьсан. 190 гаруй улсад 1.7 тэрбум хүүхэд хөл хорионд байна. Манай улс цаг хугацааны хувьд мэдрэмжтэй шийдвэр гаргаж, теле хичээлийг сайн зохион байгуулж байна. Бид судалж байгаа. Ямар ч байсан хүүхэд залуусынхаа сургалтын асуудлыг орхигдуулахгүй, сургалтыг тасалдуулахгүй байх, их дээд сургуулиа онлайнаар, цэцэрлэг сургуулиа теле хичээлээр явуулж байгааг ЮНЕСКО хүртэл онцолж байна. Тавдугаар сарын 30-наар хичээлийн жил дуусна. Есдүгээр сарын 1-нээс хичээлээ эхлүүлнэ. Тиймээс ямар зохицуулалт хийх, яаж явуулахаа танилцуулна. Бид ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн.

12 дугаар ангийн хүүхдүүдийг тавдугаар сард ямар хэлбэрээр хичээллүүлэх, багш нар нь хэрхэн давтлага өгөх вэ гэдгийг судалж байна. Эхний ээлжинд бид 28,000 хүүхдэдээ бүх сурах бичиг CD-ийг хүргээд байна. Тавдугаар сард онцгой байдлын горимд нийцүүлсэн орчин нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор нь давтлага өгөх боломжийг судлаад, мэргэжлийн байгууллагуудаас зөвшөөрөл аваад, ирэх долоо хоногт мэдээлэл өгнө” гэв.


URL: