Дэлхийн эдийн засгийн хямрал 2021 он дуустал үргэлжилж болзошгүй

195226-28102016-1477627766-1382653454-ZGM

  • 2008 оны санхүүгийн хямралыг даван туулах гэж зүдэрч байсан дэлхий ертөнц өнөөдөр түүнээс ч дор байдалд хэдийн оржээ

ОУВС эдийн засгийн ээлжит тоймоо ирэх долоо хоногт танилцуулахаар зэхэж байна. 2008 оны санхүүгийн хямралыг даван туулах гэж зүдэрч байсан дэлхий ертөнц өнөөдөр түүнээс ч дор байдалд хэдийн оржээ. Улс орнуудын эдийн засаг удаашрах тийшээ хандаж, өргөн олныг хамарсан ажилгүйдэл, ядуурал бодлого тодорхойлогчдын толгойны өвчин болов. Санхүүгийн зах зээл цочролд ороод зогсохгүй хөрөнгө оруулалт агшиж, төв банкууд бодлогын хүүгээ түүхэнд байгаагүйгээр буулгаж эхэллээ. Засгийн газрууд асар их мөнгөн дүнтэй эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдэж, улсаа хохирол багатай аварч үлдэх нь эрх баригчдын эн тэргүүний зорилт боллоо. Хятадад дэгдэж, дэлхийгээр нэг тархсан COVID-­19 вирус, түүнээс үүдэн гарсан эдийн засгийн хямрал 2020 оныг бүхэлд нь заналхийлнэ. Хөгжиж буй болон ядуу буурай орнууд эндээс хамгийн хүнд цохилт амсахаар байна. Эдийн засаг нь төвөггүй өсөж байсан Зүүн Ази, Номхон далайн бүсэд ойролцоогоор 11 сая хүн ядуурлын эгнээнд шилжих тооцоог Дэлхийн банк гаргав. Focus Economics агентлагаас долоо хоног бүр COVID-­19 цар тахлын эдийн засгийн үзүүлэх нөлөөллийн түүвэр судалгааг олон улсын шинжээчдийн дунд явуулж байна.

Энэ сарын судалгааны үр дүнг авч үзвэл, шинжээчдийн 40 орчим хувь нь COVID-­19 вирусийн дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөө гурван нэгж хувиас өндөр байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн өсөлт ердийн үеийнхээс гурав дахин буурна гэсэн үг. Хамгийн ноцтой нь, дээрх судалгаанд оролцогчдын 68 хувь нь эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө 2021 он хүртэл үргэлжилнэ гэж хариулжээ. Дэлхийн нөлөө бүхий судалгааны байгууллага болох McKinsey & Co зөвлөх үйлчилгээний фирмээс COVID-­19 вирусийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг шинэчлэн гаргалаа. Уг тооцооллоор тус вирусийн тархалт оны сүүлийн хагаст хяналтад орж, БНХАУ, АНУ­-ын эдийн засаг 2020 оны сүүлээр, Евро бүс 2021 оны эхний улиралд хямралын өмнөх түвшинд хүрэх тохиолдолд эдийн засгийн өсөлт энэ онд 1.5 нэгж хувиар буурахаар байна. Тодруулбал, БНХАУ-­ын өсөлт 0.4, АНУ-­ынх 0.4, Евро бүсийн нийт өсөлт 4.4 нэгж хувиар тус тус буурахаар тооцжээ. Харин гутранги хувилбар буюу вирусийн хяналтад орох хугацаа хойшилж, хямрал 2022 он хүртэл үргэлжлэх тохиолдолд дэлхийн эдийн засгийн өсөлтөд 4.7 нэгж хувиар сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Өөр нэгэн судалгаа сонирхуулъя. PwC компани хоёр долоо хоногт нэг удаа глобал компаниудын санхүү эрхэлсэн захирлуудаас COVID­-19 вирусийн бизнест үзүүлж буй нөлөөлийн талаарх түүвэр судалгаа авч эхэлсэн.

Эхний судалгаагаар компаниудын 90 хувь нь ирэх гурван сарын дотор бизнесийн үйл ажиллагаа хэвийн түвшинд орох боломжтой гэж хариулжээ. Үүнээс гадна компаниудын 30 гаруй хувь нь ханган нийлүүлэлтийн сүлжээгээ өөрчлөх бодолгүй байна гэж хариулсан байна. Вирусийн тархалт АНУ, Европт хурдацтай тархаж эхэлсний дараах судалгааны үр дүн хараахан гараагүй байгаа аж. “Их 20”­ийн орнууд COVID-­19 вирусийн цар тахлын ажлын байр, орлогод үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахын тулд төсөв, мөнгөний бодлогоор дэлхийн эдийн засагт таван их наяд ам.доллар нийлүүлэхээр болсон. Азийн хөгжиж буй улс орнуудын эдийн засаг энэ онд дор хаяж дөрвөн нэгж хувиар буурахаар байгаа. 1.3 тэрбум хүн амтай Энэтхэг улс бүх нийтийн хөл хорио тогтоосноор олон улсын байгууллагууд тус улсын эдийн засгийн өсөлтийг таван хувиас доошлуулж, 2.5­-3.5 хувь болгон бууруулсан. Харин уул уурхай болон уламжлалт мал аж ахуйн салбарт бүхнээ даатгасан Монгол Улсын эдийн засаг энэ онд мөн адил агшихаар байгаа. Азийн хөгжлийн банкны шинэ тооцооллоор 2.1 хувь болж, эдийн засаг 2­-3 дахин хумигдахаар байна. Дэлхийн банк манай улсад өгсөн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж, 1-­2.4 хувь болгосон. Өмнө нь 5.6 хувиар өснө гэж таамаглаж байсан юм. COVID­-19 цар тахлын тархалт хүрээгээ цаашид тэлэх тусам дэлхийн эдийн засаг улам хүндэрч болзошгүй байна.

Засгийн газрын мэдээ

URL: