Гадаадад байгаа монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болж эхэлжээ

10800

Коронавирусийн халдвар дэлхий дахинд тархаж, нөхцөл байдал хүнд байна. Өчигдрийн байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо хоёр саяд хүрлээ. Хэдийгээр өвчний голомт болох БНХАУ-д халдварын тохиолдол багассан ч дэлхийн олонх оронд халдвар хурдацтай тархсаар цар тахлын хэмжээнд хүрээд буй. Итали, Хятад Улс гашуудал зарлаж, төрийн далбаагаа бөхийлгөсөн. Өвчлөл хамгийн ихээр гарч буй орнуудад буюу АНУ, БНСУ-д монголчууд ямар нөхцөл байдалтай амьдарч байгаа талаар дараах мэдээллийг бэлтгэлээ.

Дэлхийн 45 оронд амьдарч, ажиллаж байгаа Монгол Улсын 6313 иргэн нутаг буцах хүсэлтээ илгээжээ. Тэдний дотор 731 хүүхэд, эрүүл мэндийн шалтгаантай 71 хүн, ахмад настан 226, жирэмсэн 26 хүн байгаа аж. Манай улс гадаадад байгаа иргэдээ татаж авах горимоор тусгай үүргийн есөн онгоц илгээж, иргэдээ авчирсан. Нислэгт багтаж амжаагүй хэдэн зуун хүн харийн оронд идэх хоол, амьдрах газаргүй сандарч, эх нутгийнхаа зүг хараа бэлчээн байна.

СОЛОНГОСТ БАЙГАА ИРГЭД ГУДАМЖИНД ГАРАХАД ОЙРХОН БАЙНА

БНСУ-д нөхцөл байдал ямар байгааг Монгол Улсын иргэн Д-гээс тодрууллаа.

-Солонгост нөхцөл байдал ямар байна вэ?
-Энд өвчлөл харьцангуй буурч байгаа боловч тогтвортой биш байна. Шинэ тохиолдол өдөрт 100 бүртгэгдэж, зарим өдөр нь үүнээс цөөн хүн халдвар авч байгаа. Мөн эмчилгээ хийлгэж, эрүүл болж байгаа хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өчигдрийн байдлаар гэхэд л 47 тохиолдол шинээр нэмэгдэж, 137 хүн эдгэсэн гэсэн мэдээ бий. Солонгост хил хаагаад 42 хоног болж байгаа. Хилийн хоригийг долоо, 14 хоног, тэгээд нэг сараар сунгасан.

-Та хэзээ БНСУ-д очсон бэ?
-Хоёрдугаар сарын эхээр ирсэн. Нөхөр маань элэгний хүнд өвчтэй учраас хагалгаа хийлгэх гэж ирсэн юм. Хэдийгээр хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал муу байна. Бид шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байгаа. Хэдийгээр хүнсний хомсдол үүсээгүй ч хүнсээ худалдаж авах мөнгөгүй болсон. Гадуур явахдаа вирус авчих вий гэж үнэхээр их айж байна. Бидэнтэй адилхан 300 гаруй хүн байгаа.

-Наана чинь байгаа монголчуудад тулгамдаж буй хамгийн том асуудал нь юу вэ?
-Монголчууд хил хаах өдрөөс билетээ бичүүлж эхэлсэн. Богино хугацааны визтэй, яаралтай буцах иргэдийн тухайд нөхцөл байдал маш хүнд байна. Хил хааснаар монголчууд хийх ажилгүй, амьдрах байргүй, мөнгөгүй болсон. Монгол дахь ар гэр, ажил төрлөө зохицуулаад түр хугацаагаар ирээд хоригдчихсон хүн олон байгаа. Хөл хориог олон дахин сунгасантай холбоотойгоор би гэхэд л дөрвөн удаа билетээ сунгуулсан. Тусгай үүргийн дөрөв дэхь онгоц ниссэн. Эмзэг бүлэгт багтах олон хүн явсан гэж найдаж байгаа. Гэхдээ жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаанд орсон зэрэг олон хүн үлдсэн.

Миний хувьд эхний бүртгэл хийх үеэр өөрийн биеэр очиж чадаагүй. Мөн хоёр дахь нислэгт утсаар бүртгүүлэх байтал бас л чадаагүй. Хөл хориотой учраас гарч чадахгүй байна. Элчин сайдын яам руу бүртгүүлэх гээд залгахад утсаа огт аваагүй. Өнгөрсөн гуравдугаар сарын 3-наас Элчин сайдын яаманд гурван удаа хүсэлт бичиж өгсөн. Тухай бүрт хүсэлтийг хүлээж авлаа, бүртгэлээ гэж хэлдэг. Харин дөрөвдүгээр сарын 4-нд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүртгэх утасны дугаар руу цаг гаруй залгаж байж, арай хийж бүртгүүлсэн. Тэгсэн утсаа аваад “Та өвчтэй байгаагаа нотлох баримтаа и-мэйл хаягаар явуулаарай. Эргээд холбогдоно” гээд тасалсан боловч залгаагүй. Нөхрийн маань өвчин сэдэрч, маш хүнд байгаа.

-Та хаана амьдарч байгаа вэ?
-Одоогоор түрээсийн байранд амьдарч байна. Хоёр дахь сарынхаа түрээсийг төлчихсөн. Харин гурав дахь сарын төлбөр удахгүй гарна. Гэхдээ бидэнд төлөх мөнгө байхгүй учраас гудамжинд гарахад бэлэн байна. Бидэнтэй адилхан, бид хоёроос ч дор нөхцөлд амьдарч байгаа монголчууд зөндөө бий.

-Элчин сайдын яаманд дахиж хандах уу?
-Гуравдугаар сард явах байх гэж итгэсээр өнөөдрийг хүрлээ. Элчин сайдын яам руу өвчин, зовлонгоо ярьж, явах хүсэлтээ удаа дараа мэдэгдсэнч нэмэр байдаггүй. Хамгийн сүүлийн бүртгэлийг шударга бус гэж үзэж байгаа. Яаж ч бодсон 260 хүнийг дөрвөн шугамаар гурван цагийн дотор бүртгэнэ гэдэг боломжгүй. Утас нь дуудаад байгаа хэрнээ авахгүй, сул дуудлага маш олныг өнгөрөөсөн. Урьд нь бүртгэчихсэн, тодорхой байсан хүмүүс дээрээ хэдхэн хүн нэмж авсан бол их юм. Энд байгаа монголчууд хооронд групп чат нээгээд харилцаж байгаа. Тэнд 300 гаруй хүн бий. Түүнээс дөнгөж арван хүнийг л бүртгэж аваад, эргээд холбогдоно гэж хэлсэн гэсэн. Энэ бүх хүн мөнгөгүй, түрээсийн байрнаасаа гарах болчихсон туйлдаж байна. Нэг найз маань үе мөчний өвчтэй. Мөнгөгүй болж бидэнтэй адилхан нөхцөл байдалд орсон. Харин азаар түүн рүү Элчин сайдын яамнаас залгаад “Дөрөвдүгээр сарын 8-ны нислэгт суудал баталгаажлаа” гэж хэлсэн байна лээ. Бидэнд ч бас ийм аз ирнэ гэж найдаж, хүлээж байна.

“БНСУ ДАХЬ ЭЛЧИН САЙДЫН ЯАМ ИРГЭДДЭЭ СЭТГЭЛГҮЙ ХАНДАЖ БАЙНА”

Мөн БНСУ-д байгаа иргэн Д.Гандолгор “Би хоёр жилийн хугацаанд хорт хавдрын улмаас гурван удаа мэс засалд орсон. Хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард мэс засалд ороод,  химийн эмчилгээ хийлгэж байх хоорондоо дахин хавдар үсэрхийлсэн байж магадгүй гэсэн учраас БНСУ-д шинжилгээ хийлгэхээр хоёрдугаар сарын 11-нд ирсэн. Шинжилгээ хийлгээд, Монголд химийн эмчилгээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан боловч хил хааж, хөл хорионд орсон.  “Дөрөвдүгээр сарын 2-нд ирсэн онгоцоор намайг явуулж өгөөч” гэж Элчин сайдын яамны  ажилтнуудтай  гурван ч удаа утсаар ярьсан. “Урьд нь бүртгүүлсэн хүмүүс явна. Ямар ч аргагүй” гэсэн. “Миний амь настай минь холбоотой асуудал байгаа юм” гэж бүх учраа хэлсэн боловч үнэхээр сэтгэлгүй, хүйтэн хандаж байна. Түрээсийн байрны хугацаа дуусаж байгаа” гэлээ.

АНУ-Д БАЙГАА ИРГЭД СУУЛТ ЗАРЛАНА

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахал АНУ-д газар аваад байгаа. АНУ амны хаалт хэрэглэхийг дөнгөж зөвлөж, хөл хорио тогтоогоод буй ч халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа билээ. “АНУ-аас яаралтай монгол буцах иргэд”-ийн цахим групп хүртэл бий болж, 400 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэжээ. Тэд нэгдэж суулт зарлах гэнэ. Энэ талаар тус группийн гишүүн Х.Тунгалагаас тодруулахад “Сүүлийн чартер нислэгүүдээс харахад дандаа танил талтай, сайд, дарга нарын хүүхдүүд явж байна. Хууль дүрмээрээ асуудал шийдэгдэхгүй юм байна. Манай улс  хилээ хаахдаа гадаадад байгаа хүмүүсдээ сэрэмжлүүлээд , зохион байгуулалттай арга хэмжээ аваагүй. Зөвхөн танил тал, хамаатан садан, ойрын хүрээнийхнээ авч байна. Түр ирсэн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тусламж авч чадахгүй байгаа иргэд хэцүүдэж байна. Энд хүнд өвчтэй, хорт хавдартай ч хүн олон бий.

Тусгай үүргийн нислэгт хамрагдахын тулд шинжилгээ өгсөн байх ёстой гэж байгаа. Энэ нь хэл усгүй, даатгалгүй иргэдэд хэцүү. Нислэгүүдийг гэнэт тулгаж зарласан нь олон хүнд хүргэхгүй зорилготой юм шиг харагдаж байна. Өмнөх нислэг дээр Монгол Улсын Элчин сайд яам санаатай худал мэдээ тараасан. “БНСУ-ын хилээр хүмүүсийг оруулахгүй байна” гэж хэлсэн. Гэтэл  дараагийн зар тавихдаа “Дөрөвдүгээр сарын 8-ны нислэгт бүртгүүл” гэсэн. Энд хөл хорио тогтоогоод 14 хонож байна. Дэлгүүрт нэг метрийн зайтай зогсож худалдан авалт хийхийг зөвлөсөн. Нөхцөл байдал улам бүр хүндрэх шинжтэй байгаа. Би Солонгос, Япон руу нийлж нисэж очоод дахин онгоц илгээж, биднийг авах шаардлага хүргүүлэх талаар удаа дараа группийн гишүүддээ хэлж байсан. Одоо цаг алдаж байхаар УОК-д яаралтай шаардлага хүргүүлнэ гэж бодож байна. Хөл хорионы хугацаа дуусахыг хүлээсэн боловч сар бүр сунгагдаад, итгэл найдвараа алдаж байна. АНУ-д байгаа иргэддээ зориулж зохион байгуулалттай арга хэмжээ авахыг хүлээсэн ч Элчин сайдын яам юу ч хийсэнгүй. Арьс өнгөний үзлээс болж монгол хүний амь эндвэл хэн хариуцах юм бэ. Иймээс АНУ-д байгаа иргэдийг хэрхэн зохион байгуулж авахаа дөрөвдүгээр сарын 10-н гэхэд мэдэгдэхгүй бол 200 хүн Япон руу юм уу, Солонгост очиж, суулт хийх болно. Үнэхээр арга ядаж байна. Элчин сайдын яам ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байна” гэв.

АНУ-д байгаа иргэн Ц.Мөнхцацрал “Манай хамгийн бага хүүхэд төрөлхийн зүрхний цооролтой төрсөн учраас гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д ирж, хагалгаа хийлгэсэн. Эмчилгээ дуусаад Монгол руугаа буцах болоход улсын маань хил хаасан учраас бараг сар гаруй энд гацаж байна. Хагалгааны дараах асаргаа, сувилгааг маш сайн хийх учиртай. Гэтэл энд хийх боломжгүй байгаа. Санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Хүүхдийнхээ хагалгааны төлбөрийг арай хийж олж, эмчлүүлж байгаа хүмүүс өртөг өндөртэй, хүн танихгүй газар яаж амьдрах билээ. Арьс өнгөний гадуурхал маш их байна. Ганцаараа бол гадуур гаралтгүй. АНУ гадагшаа нислэг үйлдэж байгаа болохоор Солонгос юм уу ,Япон руу нисэж, тэндээсээ тусгай үүргийн нислэгт суумаар байна. Даанч нисэх хүний тоо бүрдээд, аль хэдийн нисчихсэн. Хүүхдийн маань уух ёстой эм дуусаж, өвдөж эхэллээ. Гэр бүлийнхэн маань сэтгэл санааны хямралд орсон. Энд түр хугацаагаар ирсэн хүмүүс ажилгүй, орлогогүй болж байна” гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: Д.ЧАНЦАЛДУЛАМ, ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL: