“ХАППИ ВЕРИТАС” ХХК-ийн хүсэлтээр шүүх хуралдаан дахин хойшиллоо
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ЭМДЕГ-тай элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээний тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ажиллаж байсан “Хаппи Веритас“ ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай хийсэн гэрээний үүргээ зөрчиж, элэгний С вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг 8700 хүнд хийхдээ сертификатгүй, зөвхөн судалгааны зориулалттай төхөөрөмжөөр хийсэн зөрчилд эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчийн актаар 876,7 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн талаар бид мэдээлж байсан.
“Хаппи Веритас“ ХХК нь эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.
Тус хэргийн шүүх хурал “Хаппи Веритас“ ХХК-ийн хүсэлтээр удаа дараа хойшилж байгаа бөгөөд энэ сарын 06-ны өдөр болсон Нийслэлийн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, шүүгч хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр шүүх хурлыг жич товлон зарлахаар дахин хойшлууллаа.
Харин ЭМДЕГ-ын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт огт гаргаагүй бөгөөд товлосон хугацаанд шүүх хуралдаанд тогтмол оролцож байна.
URL: