Боливийн иргэдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэжээ

150

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Чили улсаас эх орон руугаа буцахыг оролдож буй Боливийн иргэд болон тус улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болжээ.

“El Deber” сонинд мэдээлснээр, мягмар гарагт Боливийн 200 орчим иргэн Кольчане хотын шалган нэвтрүүлэх цэгээр хил нэвтрэхийг оролдсон боловч цэргүүд тус улсын Ерөнхийлөгч Жанин Аньесын гаргасан хилээ хаах шийдвэрийн дагуу тэднийг оруулаагүй байна. Татгалзсан хариу авсныхаа дараа боливичууд цэргүүд рүү чулуу болон бусад эд зүйлийг шидэж эхэлжээ. Хариуд нь цэргийн албан хаагчид нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Боливид коронавирусний халдварын хоёр тохиолдол анх гуравдугаар сарын 10-нд бүртгэгджээ. Тус улсад одоогийн байдлаар 190 гаруй хүн халдвар авч, 14 хүн нас барсан байна. Коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор Боливийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жанин Аньес гуравдугаар сарын 21-нд хорио цээрийн дэглэм нэвтрүүлжээ.


URL: