Олимпийн галыг унтраалгүйгээр хадгална

149

Япон улсын зарим хотод нэг сарын хугацаатай онц байдал зарласан тул “Токио-2020” олимпийн галыг түр “амраахаар” болжээ. Олимпийн бамбарыг тавдугаар сар хүртэл Фүкүшимад олон нийтэд үзүүлэхээр анх төлөвлөөд байсныг ийнхүү болиулав.

Covid-19 цар тахлын улмаас “Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулж, 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулахаар болоод байгаа билээ. “Эхэндээ бид олон нийтэд үзүүлэх ажлыг дөрөвдүгээр сарыг дуустал хийхийг хүсч байсан. Гэхдээ сүүлийн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзээд болихоор шийдлээ” гэж “Токио-2020” зохион байгуулах хорооны төлөөлөгч мэдэгдэв. Тэрбээр олимпийн галыг хаана хадгалах талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Олон улсын олимпийн хороо болон “Токио-2020” зохион байгуулах хороо хамтран хэлэлцээд олимпийн галыг унтраалгүйгээр Японд хадгалж байхаар тогтсон юм.

Ц.Ганбат


URL: