COVID-19: Цар тахлын улмаас ажилтнуудаа халж буй дэлхийн 8 компани

10757

COVID-19 вирусийн тархалт улам бүр газар авахын хэрээр дэлхийн эдийн засаг хямралын ирмэг дээр тулж ирж байна. АНУ-д ажилгүйдлийн тоо эрс өссөн гээд эдийн засгийн хямралыг илтгэх тоо баримт бишгүй.

Цар тахал эдийн засгийн бүхий л салбарт сөргөөр нөлөөлөн, дэлхийн томоохон компаниуд түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож байгаа бол олон мянган хүн цалингүй амралт авч байгаа юм.  Нэн ялангуяа зочид буудлын бизнес, зугаа цэнгээн болон тээврийн салбарын компаниуд хямралд илүүтэй өртөж байна.

Хямралын нөхцөлд ажилтнууддаа цалингүй амралт олгохоос аргагүйд хүрсэн, дэлхийн томоохон найман компанийн талаар Вести агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе.

Marriott International

Дэлхийн томоохон зочид буудлын сүлжээнүүдийн нэг болох энэ компани дэлхий даяар олон мянган ажилтнаа цалингүй амраахаар болсон талаар гуравдугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн юм.

Үйл ажиллагаа хэвийн болох хүртэл тэдний орон тоог хэвээр хадгалах ч тэр хүртэл ямар ч цалингүй амрах шаардлагатай болжээ. Оны төгсгөл хүртэл компанийн захирал нь ч цалин авахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд харин дээд түвшний менежерүүдийн цалинг 50 хувь бууруулсан байна.

Метрополитен дуурь

Нью-Йоркийн Метрополитен дуурь бол төсвийнхөө хэмжээгээр АНУ-д дээгүүрт ордог. Өнгөрсөн сарын 19-нд энэ байгууллага үйлдвэрчний эвлэлийн бүхий л гишүүдээ халсан байна. Гэхдээ цар тахал дуусмагц эргүүлэн ажилд нь авах аж. Түүнчлэн 2019-2020 оны улирлын бүхий лл тоглолтуудаа цуцалжээ.

Канадын Cirque du Soleil цирк

Канадын Cirque du Soleil 4679 ажилтантай, харин цар тахлын улмаас ажилтнуудынхаа 95 хувийг халжээ. Энэ цирк бүхий л тоглолтоо цуцалснаас хойш долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-ний өдөр энэ шийдвэрээ танилцуулсан юм. Циркэд 259 хүн үлдсэн нь ирээдүйн тоглолтыг төлөвлөх, урьдчилсан тасалбар борлуулалт хийх ажлыг гүйцэтгэх юм байна.

Трампын эзэмшлийн байгууллагууд ч цомхотгол хийв

 Washington Post сонины мэдээлснээр, Вашингтон, Нью-Йорк, Лас-Вегаст байрлалтай, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшлийн зочид буудлуудаас нийтдээ 200 ажилтан өнгөрсөн сарын сүүлээр халагджээ. Харин Палм-Бичэд байх Mar-a-Lago зэрэг Трампын бусад объектууд түр хугацаанд хаалгаа барьсан байна.

General Electric

Зүтгүүр, нисэх онгоцны мотор үйлдвэрлэл зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг Америкийн General Electric корпораци нисэх онгоцны үйлдвэрлэлийн хэлтсийн ажилтнуудынхаа 10 хувийг буюу 2500 ажилтныг халжээ. Түүнчлэн техникийн засвар үйлчилгээний салбарт ажилладаг мэргэжилтнүүдийнхээ 50 хувийг гурван сарын хугацаанд цалингүй амраахаар болсон байна.

Харин корпорацийн тэргүүн Ларри Калпп он дуустал цалин авахгүй бол нисэх онгоцны үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Дэвид Жойс цалингийнхаа тал хувиас татгалзжээ.

Sephora

Гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэн худалдаалдаг Sephora дэлгүүр АНУ дахь 3000 ажилтнаа халжээ.

Sotheby’s дуудлага худалдаа

Дуудлага худалдаа зохион байгуулдаг алдартай энэ байгууллага 200 хүнд цалингүй чөлөө өгсөн нь нийт ажилтнуудынх нь 12 хувийг эзлэж байна гэж The Wall Street Journal мэдээлжээ.

Boeing

Boeing онгоц үйлдвэрлэгч компани зардлаа бууруулах үүднээс орон тоогоо цөөлөх төлөвлөгөөг танилцуулна хэмээн дөрөвдүгээр сарын хоёрны өдөр мэдэгдэж байв. Компанийн ажилтнууд ажлаасаа халагдах эсэхээ өөрсдөө шийдэх боломжтой гэнэ. Халагдах хүсэлт гаргасан ажилтнууд нөхөн төлбөр, нийгмийн хангамж авах аж. Гэхдээ нийгмийн хангамжинд ямар тэтгэлэг багтаж байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.

Г.Бямбасүрэн

Эх сурвалж: Shuud.mn


URL: