Асаасан шүдэнз болгон аюул дагуулах эрсдэлтэй

10752

Иргэдээс илүү их сэрэмж шаарддаг хуурайшилтын улирал эхэллээ. Иргэд асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмаа бүрэн унтраадаггүй. Мөн санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийгөө болон бусдыг хэдэн саяын эд хөрөнгөөр хохироож  байна. Цаашлаад ногоон бүс, талбай галд өртөх эрсдэл дагуулж байна.

Жил бүрийн өдийд иргэдэд сэрэмжлүүлж, онцгой байдлын алба хаагчид зусланд эргүүл хийдэг ч гал алдаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байна. Харамсалтай нь сүүлийн гурван сард хохирол хэд дахин нэмэгджээ. Нийслэлийн ногоон бүсийн 59 аманд  100 гаруй алба хаагч эргүүл хийхдээ 168 зөрчил  илрүүлж, ногоон бүсээс 913 автомашин, 4040 хүнийг гаргасан байна. Түүнчлэн шар өвс шатааж байсан таван удаагийн гал түймрийг унтрааж иргэдийн 110 гаруй  сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн саяхан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарч 10 гаруй га газар шатлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд  зуслангийн болон ногоон бүсэд өнжмөл шар өвс шатааж гал алдсан 34 дуудлагаар аврагчид ажиллаж галыг бүрэн унтраажээ. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн XIX хороо Шарга морьтын задгайд 0.7 га газар, 5х7 хэмжээтэй хоёр байшин, 4х5 хэмжээтэй амбаар шатжээ. Энэ мэтээр өчүүхэн сэрэмж алдахад үлэмж хэмжээний хохирол учрахаас гадна иргэдийн алтан амь ч эрсдэж байна.

Сүүлийн гурван жилд буюу 2017 онд 203 удаа, 2018 онд 92 удаа, 2019 онд 302, 2020 он гарсаар дөрөвдүгээр сарын байдлаар 314 удаагийн шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн байна.

Он гарсаар улсын хэмжээнд  эхний гурван сарын байдлаар 772 удаагийн ахуйн гал түймэр гарчээ. Үүний улмаас 4.2 тэрбум төгрөгийн хохирол учирч, 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан байна. Энэ хугацаанд онцгой байдлын алба хаагчид 395 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллагын 14.6 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ. Харин гал түймрийн аюулыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 35.7 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 27.3 хувиар өссөн байна. Харин Булган, Дорнод, Сэлэнгэ аймгийн  зургаан суманд  зургаан удаагийн ой, хээрийн гал түймэр гарч  22 га ой, 14810 га хээрийн талбай шатжээ. Энэ тоо зөвхөн 90 хоногийнх гээд бодохоор монголчууд даанч хэнэггүй зан нь дэндсэн ард түмэн юм. Өөрөөр хэлбэл, та, бидний асаасан нэг ширхэг шүдэнз бүр аюул дагуулж байдгийг анхаарах хэрэгтэй байна.

Тэгвэл санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж гал алдсан иргэнд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэж хохирлыг нөхөн төлүүлдэг. Зөрчлийн тухай хуулийн дагуу тус бүр 100 мянгаас сая төгрөгөөр торгодог юм байна.

Сүүлийн гурван сарын хугацаанд Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг Зөрчлийн тухай хуулиар 98.9 сая төгрөгөөр торгожээ. Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх хэрэгтэй. Иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL: