Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 3 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Төсвийн байнгын хороо 11.00 цагт хуралдаж, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товложээ. Мөн байнгын хороо Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол, Франц улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 12.00 цагт хуралдаж, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.
URL: