Сангийн яам, ГЕГ-ын удирдлагууд харийнхны өмнө бөхийв үү

10664

Алтанбулагийн хилийн боомтын тендерт гадны компани шалгаруулахыг санаархаж байна

Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн барилга угсралтын тендерийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 18-нд зарлаж, сарын дараа буюу арваннэгдүгээр сарын 19-нд нээсэн байдаг. Энэ тендерийн захиалагч нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл. Хилийн үйлчилгээг сайжруулах замаар гадаад худалдааг илүү шуурхай, боловсронгуй болгох, бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдаа эрхлэхэд зарцуулж буй зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх зорилго бүхий тус төслийн хэрэгжүүлэгч байгууллага нь Сангийн яам, гүйцэтгэгч нь харин Гаалийн ерөнхий газар. Уг төсөл үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх бөгөөд энэ нь Алтанбулаг, Бичигт, Замын-Үүд хилийн боомтуудын барилга, байгууламж ба тоног төхөөрөмжийг шинэчлэх, сайжруулах. Мөн Гаалийн автоматжуулсан мэдээллийн систем /КАИС/-ийг сайжруулах, сүлжээний дэд бүтцийг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, түүнчлэн гадаад худалдааны нэг цонхны цахим үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэх ажлыг хангах юм.

2017-2024 оны хооронд долоон жилийн хугацаатай хэрэгжих төслийн санхүүжилтийн 27 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк, үлдсэн 2.07 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргаж байгаа. Энэ төслийн нэгээхэн хэсэг болох дээрх Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлийн барилга угсралтын тендерт БНХАУ-ын нэг, БНСУ-ын нэг, Монголын гурван компани өрсөлджээ. Ийн тэдний санал болгосон үнийн дүнг харвал, БНХАУ-ын “Бээжин констракшн групп” 17.98 тэрбум, БНСУ-ын “Мон-кон констракшн” 17.87 тэрбум, Монголын “Yongshen констракшн инженеринг” 17.7 тэрбум, “Зан инженеринг” ХХК 17.66 тэрбум, НБИК ХХК 16.59 тэрбум төгрөгөөр уг ажлыг гүйцэтгэх хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс үзвэл, гадны хоёр компани хамгийн өндөр үнийг нь санал болгосон бол Монголын гурван компани тэднээс бага үнээр гүйцэтгэх санал тавьжээ.

Мөн үлдсэн хоёр монгол компаниас сонголт хийх боломжтой байсан ч тендерийн комисс үүнийг хүсээгүйгээр барахгүй тендерийг дахин зохион байгуулах шийдвэрийг Сангийн яамнаас гэнэтхэн буюу хоёрдугаар сарын 20-нд гаргасан байна

Гэтэл тендер зохион байгуулагчид тендерийн шаардлагуудыг хангаснаас гадна хамгийн бага үнэ санал болгосон НБИК ХХК-иас өө хайж, үнийн дүнгээ монгол төгрөгөөр өгсөн гэдэг шалтгаанаар тендерийн материал зөрчилтэй хэмээн хассан байх юм. Энэ бол тендерээс хасах тийм ч том шалтгаан биш баймаар. Мөн үлдсэн хоёр монгол компаниас сонголт хийх боломжтой байсан ч тендерийн комисс үүнийг хүсээгүйгээр барахгүй тендерийг дахин зохион байгуулах шийдвэрийг Сангийн яамнаас гэнэтхэн буюу хоёрдугаар сарын 20-нд гаргасан байна. Тендерийг сонгуулийн өмнө буюу зургадугаар сарын 20-нд шалгаруулахаар шийдвэрлэхдээ тендер шалгаруулах үнэлгээний хороог ч мөн зохион байгуулалттайгаар өөрчилжээ. Ингэхдээ Гаалийн ерөнхий газрын гурван ч хүнийг уг тендерийн үнэлгээний хороонд оруулсан нь “Ашиг сонирхлын зөрчил ард нь нуугдаж байгаа юм биш биз” гэх хардлага төрүүлж байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрынхан хахууль авсан компаниа шалгаруулахын тулд энэ мэт өөрчлөлт оруулсан гэж үзэж буйгаа уг тендерт өрсөлдсөн компанийн төлөөлөл бидэнд мэдээлсэн юм. Тэрбээр “Хэрэв тийм биш бол тендерийн үнэлгээний хороог яагаад ийн өөрчлөх болсноо, тендерийг яагаад дахин зарлаж байгаагаа үндэслэлтэй тайлбарлах учиртай” гэсэн.

Эх сурвалжийн хэлж буйгаар тус тендерт оролцож буй “Мон-кон констракшн” нь Гаалийн ерөнхий газрын захиалгаар 20 давхар шинэ байрыг нь барьж байгаа гэнэ. Үнэлгээний комисст Гаалийн ерөнхий газрын гурван хүнийг оруулсан нь ийм учиртай аж. Түүнчлэн үнэлгээний комисст Гаалийн ерөнхий газрын гурван хүнийг оруулах шийдвэрийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт тэргүүтэй албан тушаалтнууд гаргажээ.

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын талаарх таагүй мэдээлэл байн байн хэвлэлээр гардаг. Тэрбээр Сү.Батболдын эхнэртэй ойрын хамаатан гэгддэг. Мөн өнгөрсөн 2018 онд АТГ төрийн байгууллагуудад шалгалт хийж, Гаалийн ерөнхий газрын даргын талаар “Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг даргаар томилжээ” хэмээн мэдээлж байсан. Тодруулбал, тэрбээр Гаалийн ерөнхий газрын батлагдсан орон тоог 37-оор хэтрүүлэн ажиллаж байсан нь шалгалтаар ил болсон. Тухайлбал, Гаалийн ерөнхий газар 18, харьяа газар, хороодод 19 хүнээр орон тоог хэтрүүлжээ. Орон тоо хэтрэлттэй байсаар байхад тэрбээр нэг жилийн хугацаанд (2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны дөрөвдүгээр сарын хооронд) 98 хүнийг шинээр томилсон байв.

Мөн Б.Асралт нь албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж нэр бүхий дөрвөн компанид давуу байдал бий болгох зорилгоор сонгон шалгаруулах журам зөрчин, тусгай зөвшөөрөл олгожээ. Ийн дээрх дөрвөн компанийн 485 мянган ам.долларын буюу 1.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх барааг хил, гаалиар татваргүй оруулж, улсыг хохироогоод амжсан гэх. Түүнчлэн аавыгаа БХЯ-ны харьяа “Бага Баян” цэргийн амралтын даргаар томилуулсан тухай мэдээлэл ч олны чихийг дэлдийлгэж байсан.  Гэсэн ч энэ хүн ямар нэгэн хариуцлага хүлээлгүй, өнөөг хүртэл ажлаа хэвийн хийсээр байгаа билээ. Энэ нь түүнд Монгол Улсын хууль, тогтоомж үйлчилдэггүй, төрийн албанд юуг ч өөрийн дураар хийх чадалтай гэдгийг нь харуулж байна. Мөн үүн дээр Сангийн яамны нэр нөлөө бүхий хүмүүс түүнд тусалж, өндөр үнэтэй тендерт өөрийн эрх ашиг, сонирхлын хүрээнд шалгаруулалт явуулж, гаднын компанийг шалгаруулах гэсэн эрх ашиг нуугдаж байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL: