Б.Ууганбаяр: Дөнгөж сая Токиогоос ирсэн онгоцноос хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. УОК-ын гишүүн, ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад байгаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яамдуудад хүргүүлээд байгаа. Үүнээс бага насны хүүхэд 754, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, богино хугацааны визтэй 135, байрны асуудалтай 351, 585 оюутан, санхүүгийн хүндрэлд орж байгаа 54, бусад шалтгаантай нь 3000 гаруй иргэн байна. Индонезэд тэмцээнд ороод ирж чадахгүй байсан гурван хүүхэд энэ онгоцоор ирсэн.
Токиогийн онгоцоор ирж байгаа иргэд коронавирусийн шинжилгээ өгөх боломжгүй байсан тул шинжилгээ өгөөгүй ирсэн. Учир нь Японд 37.5 хэм хүртэл халуураагүй иргэдээс шинжилгээ авахгүй гэсэн” гэв.
УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ”Одоо асуудлыг баримттай ярина. Баянхангай гэдэг амралтад буусан хүмүүс байна. 13 хүн төлбөрөө хийхгүй, улс хариуцна гээд сууж байгаа. Тэдний нэрсийг гаргасан. Яг одоо энэ мөчид онгоцны арын хаалгаар сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүнийг буулгаж байна. ХӨСҮТ-ийнхэн ирээд аваад явна” гэлээ.
URL: