COVID-19: Дэлхий даяар халдвар авсан хүний тоо нэг саяыг давлаа
Жон Хопкинсийн их сургуулийн гаргасан мэдээллээр дэлхий даяар COVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо нэг саяыг давсан бол 51 мянган хүн халдварын улмаас нас барж, 208 мянган хүн эдгэрчээ.
Халдварын тохиолдлын тоогоор АНУ тэргүүлж байгаа бол Италид хамгийн их нас баралт бүртгэгдсэн байна.
Хойд хөрш ОХУ-д COVID-19 вирусийн халдварын тохиолдол нэг хоногт 771-ээр бүртгэгдэж, нийт халдар авсан хүний тоо 3548 болжээ. Үүнээс 30 хүн нас барсан байна.
Их Британийн Эрүүлл мэнд, нийгмийн хамгааллын департаментын мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт тус улсад 1130 хүн вирусийн халдварын улмаас нас барсан байна. Энэ нь тахал дэгдсэнээс хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм.
Одоогийн байдлаар Британид 163 194 хүнд сорил тавьснаас 33 718 хүнд халдвар илэрчээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгийн ажилтнууд болон халдварын шинж тэмдэг тэр бүр илрэхгүй байгаа хүмүүсийн дунд COVID-19 вирусийн сорил тавих цар хүрээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.
АНУ
Сүүлийн хэд хоногт АНУ-д 235 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, хоногт 884 хүн нас барсан бөгөөд тахал дэгдсэнээс хойш нийтдээ 5600 гаруй хүн АНУ-д нас баржээ.
АНУ-ын эрх баригчид нөөц нь шавхагдсаны улмаас хамгаалалтын хэрэгслүүдийг шуурхай худалдан авч байгаа бол цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас тус улсад ажилгүйдэл эрс өсч, хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 6,6 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ гаргасан байна.
Европ: Хоногт олон мянган хүн нас барав
Европ тивд хоногт бүртгэгдсэн нас баралтын тоо улам бүр нэмэгдэж, зарим орнуудад нөхцөл байдал улам хүндэрч байна.
Франц, Испанид сүүлийн хоногт 509 болон 950 хүн тус тус нас барсан нь энэ хоёрны орны хувьд өмнө нь байгаагүй өндөр үзүүлэлт юм. Испанид тахал дэгдсэнээс хойш нас барсан хүний тоо хэдийнэ 10 мянгыг давжээ. Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, Францад халдвар авсан хүний тоо 57 763, харин Испанид 104 мянга гаруй болсон байна.
Нөхцөл байдал нэн хүнд болсонд тооцогдож байсан Итали улсад найдвар төрүүлэхүйц мэдээлэл гарсан талаар ВВС дамжууллаа. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад хоногт бүртгэгдсэн нас баралтын тоо 727 болон буурсан гэнэ. Хэдийгээр энэ тоо өндөр ч гэлээ нааштай өөрчлөлт гарч байгааг Италийн эрх баригчид онцолжээ.
Улмаар Италийн зарим бүс нутагт хөл хорионы дэглэмийг сулруулж, хүүхдүүдийг өдөрт нэг удаа гадаа салхилахыг зөвшөөрсөн байна.
Сүүлийн үеийн мэдээллээр, Италид халдвар авсан хүний тоо 110 574 болсноос 14 мянга гаруй хүн нас барсан нь Европын хамгийн өндөр үзүүлэлт юм.
Орос дахь нөхцөл байдал
Сүүлийн хоногт Орост 771 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 595 нь Москвад байгаа гэнэ. Москва хотод нэг хоногт зургаан хүн нас барснаар COVID-19 вирусийн халдвараар үүсгэгдсэн өвчний улмаас амиа алдсан хүний тоо 30 болжээ.Харин халдварын тохиолдол ОХУ-ын 21 бүс нутагт тархаж, 3548 болсон талаар Regnum агентлаг мэдээлсэн байна.
Манай улстай шууд хиллэдэг, ОХУ-ын Буриад улсад дөрөвдүгээр сарын хоёрны өглөөний байдлаар Буриадад COVID-19 вирусийн халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж, нийтдээ 30 болсон байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, хавьтагчдын тоо 1007-д хүрсэн бөгөөд тэднийг бүгд лабораторийн шинжилгээнд хамруулснаас зургаан хүн COVID-19 вирусийн халдварын сэжигтэй гэсэн үр дүн гарчээ.
Г.Бямбасүрэн
Shuud.mn
URL: