Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирнэ

37

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ. Тодруулбал, Токио-Улаанбаатар чиглэлийн онгоц 13.05 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардах юм. Тус онгоцоор нийт 255 зорчигч ирнэ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлагдана.

Тэрбээр ”Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. Улаанбаатараас Токиод МИАТ-ийн онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар надруу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорхи маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” хэмээн жиргээд байгаа билээ.

Харин түүнийг эх орондоо ирсэн даруйд баривчлах тогтоол гарсан талаар зарим хэвлэлээр мэдээлсэн. Харин энэ талаар АТГ, УЕПГ, Шүүхийн байгууллагаас тодруулахад “Баривчлах тогтоол гараагүй” гэсэн хариултыг өгсөн юм.

Хэргийг сануулвал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж байгаа билээ.

Б.Аз


URL: