Дэлхийн чансааны “Топ-10”-т монголын 5 бөх багтлаа
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ. Чансааг нэгдүгээр сарын 15-18-нд Италийн Ромд болсон дэлхийн чансааны оноо олгох “Маттео Пелликоне” тэмцээн, үүнээс сарын дараа тус хотод болсон Европийн АШТ, хоёрдугаар сарын 4-9-нд Алжирт болсон Африкийн АШТ, хоёрдугаар сарын 18-23-нд Энэтхэгийн Шинэ Делид болсон Азийн АШТ, гуравдугаар сарын 6-9-нд Канадын Оттавад болсон Пан-Америкийн АШТ-ий дүнг харгалзан гаргасан байна.
Чансааны “топ-10”-т Монголын эрэгтэй хоёр, эмэгтэй гурав, нийт таван хүн багтлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр 18 оноогоор 10, 65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга 20 оноогоор 10, эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Б.Болортуяа (зураг дээр) 23 оноогоор долоо, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 23 оноогоор тав, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 25 оноогоор наймдугаар байрт бичигджээ.
Манай бөхчүүд энэ жилийн Азийн аварга болон дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд оролцоогүй бөгөөд өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаас оноогоо цуглуулсан. Тэднээс гадна манай улсын найман тамирчин эхний 20 байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн 79 кг-д Д.Гомбодорж 19, 92 кг-д М.Цогтгэрэл 18, 125 кг-д Д.Хүдэрбулга 12, 55 кг-д М.Дөлгөөн 11, 57 кг-д Э.Даваачимэг 14, 59 кг-д А.Батцэцэг 15, 65 кг-д З.Болортунгалаг 15, 72 кг-д Э.Цэвэгмид 20 дугаар байрт оржээ.
URL: