2015 оноос хойш МӨНГӨ УГААСАН хэрэгт ОХУ-ын иргэнийг шалгаж эхэллээ

10603

Гадаадын иргэд манай улсад ирээд мөнгө угаах гэмт хэрэг өдүүлсэн тохиолдол цөөнгүй гарах болов. Үүний нэг жишээ нь БНХАУ-аас 800 гаруй иргэн жуулчлалын болон бизнес ангиллын виз авч ирээд цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж эхлэх үед нь тагнуул, цагдаагийнхан хамтран таслан зогсоосон нь тухайн үедээ олны анхаарал татсан. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн цаана дээрх шиг хууль бус үйлдлүүд байж болзошгүй нэгэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

ОХУ-ын иргэн А.В.Самохин гэх хүн гадаадаас их хэмжээний ам.доллар Монгол Улсад оруулж ирэн мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Кипр улсын хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компанийг манайд 2011 онд тэрбээр байгуулсан юм байна. Гадаад худалдаа эрхлэх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дээрх компани манай улсын арилжааны банкуудад төгрөг, ам.доллар, рубль, еврогийн данс нээж, 2015-2019 онд л гэхэд 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авсан гэнэ. Улмаар түүнийгээ оффшор бүсэд бүртгэлтэй Кипр, Беларусь зэрэг 10 улс руу шилжүүлж, 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн байж болзошгүйг хууль хяналтын байгууллагынхан тогтоожээ.

“Валестия” компанийн захирал, ОХУ-ын иргэн А.В.Самохин нь манай улсад анх цөөн хоногоор ирж байсан бөгөөд тухайн үедээ 16.2 сая ам.доллар бэлнээр болон гадаад гүйлгээгээр 10 орон руу шилжүүлж байснаас гадна арилжааны банкууд дахь өөрийн дансандаа хийчихээд буцдаг байсан нь тогтоогдож буй талаар эх сурвалжууд мэдээлэв.

Түүнийг Улаанбаатар хотоос болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох шүүгчийн захирамж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн сарын 17-нд гаргасан бөгөөд нарийвчилсан шалгалтаа хууль сахиулагчид үргэлжлүүлж буй аж.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин


URL: