Монголд коронавирус илэрсэн бол монголчууд эргэж ирэх байсан уу?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол бол эх оронд нь халдвар гараагүй гарын таван хуруунд багтах улсын нэг” гэж хэлсэн. Тийм болохоор л гадаадад байгаа монголчууд маань Монгол руугаа яарч байна. Хэрвээ Монголд коронавирусын халдвар тархлаа, тэдэн хүнд халдварлалаа гэсэн бол гадаадад яваа монголчууд маань Монгол руугаа тэмцэх байсан болов уу?
Үнэндээ бол өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн коронавирусын 12 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн ирсэн. Нэг үгээр бид өөрсдөө сайн дураараа тээж ирсэн гэсэн үг. Нөгөөдөр буюу 2-ны өдрөөс дахиад гурван онгоц Япон, Солонгос руу ниснэ. Гурван удаагийн нислэгээр 750 гаруй иргэнээ авчирна гэж Онцгой комиссоос мэдээлсэн. Ер нь бол Засгийн газрын шийдвэрийг л Онцгой комисс биелүүлж байгаа хэрэг. Ерөнхий сайд нь хүртэл “Монгол хүн байтугай морь эх орноо тэмцдэг юм” гэж омогшсон.
Гэтэл эмнэлгүүд нь бүх хүчин чадлаа шавхаад “Ердөө 300 ор суллаж чадлаа” гэж мэдээлж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс давтан шинжилгээгээр коронавирус илэрснээс болж тусгаарлалтын хугацааг сунгаж байна. Тусгаарлах байрууд хангалтгүй байна. Дээр нь дахиад 750 гаруй хүнийг халдварын бүсээс авчирна гэв.
Ингээд халдвартай тэмцэж байгаа эмч мэргэжилтнүүд болон тэдний өмнөөс шийдвэр гаргаж байгаа нөхдийн ам, ажил хоёр зөрөөд эхэллээ. Нэг хэсэг нь эмчлэх гээд тэмцээд байдаг, нөгөөх нь ачиж авчираад тараагаад байдаг.
Өнгөрөгч долоо хоногт коронавирусын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь дандаа Европын орнуудаас ирсэн хүмүүс байв. Аз болоход Герман, Турк улсууд онгоц хүлээж авахаас татгалзсан учир манайх иргэдээ авч чадахгүй болсон. Хэрвээ тэд татгалзаагүй бол биднийг дахиад юу хүлээж байсныг таах аргагүй.
УОК-оос анх тусгай үүргийн онгоцуудыг нисгэж эхлэхдээ “нэн шаардлагатай буюу хүндэтгэх шалтгаантай иргэдээ татан авна” гэж мэдээлсэн. Хамгийн түрүүнд гадаад улсуудад эмчилгээ оношлогоо хийлгэхээр түр хугацаагаар зорчсон өвчтэй зовлонтой хүмүүсээ, дараа нь хичээл сургууль нь цуцлагдсаны улмаас оюутны байрнаасаа гарсан хүүхдүүдээ татаж авна гэсэн. Харин сүүлийн үед тусгай үүргийн нислэг үйлдэж байгаа зорилго, зориулалт нь өөрчлөгдөөд явчих шиг боллоо.
Сүүлд гарсан мэдээллээр тусгай үүргийн нислэгээр ирсэн монголчуудын дотор УИХ-ын нэр бүхий гишүүд ирсэн, заримынх нь гэр бүлээс коронавирус илэрсэн гэж байна. Азид халдвар гарангуут Европ руу зугтаад, Европод голомтоллоо гэнгүүт эргээд наашаа ирж л дээ.
Гэхдээ тэнд хэн гэгч дарга, улстөрчийн гэр бүл, эхнэр хүүхэд ирэх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр тоолонгоор халдварын тохиолдол нэмэгдэж, хорио цээрийн дэглэм чангарч, энд байгаа монголчууд нь ажил, орлогогүй болж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал шавхагдаж, эмч мэргэжилтнүүд нь хүрэлцэхгүй байна. (Энэ бүхнийг Засгийн газрын нөөцөөс нэг удаа мөнгө гаргаад шийдчихэж чадахгүй гэдгийг Ерөнхий сайд нь өөрөө ч мэдэж байх учиртай) Энэ нь эргээд гуравхан сая хүндээ аюул занал болж байна. Тэр хэмжээгээр улс орны эдийн засгийн чадавхи ч гэсэн буурч байна.
Гэтэл эх орондоо байгаа иргэдээ “сахилгатай бай, журамтай бай, дэглэмээ сахь, шаардлага биелүүл” гэж захирчихаад эрх барьж байгаа нөхөд өөрсдөө тэр шаардлага, дэглэмээ зөрчөөд байгаа нь ямар учир шалтгаантай вэ? Хэрвээ халдвар голомтлоод, тархаад эхэлбэл эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадал хүрэлцэхгүй, барьж дийлэхгүй шүү гэдгийг эмч, мэргэжилтнүүд бүтэн сарын өмнөөс анхааруулсан. Гэтэл яагаад өнөөдөр тэдний үг үнэ цэнэгүй болчихов?
Б.ЗАЯА
INEWS.MN
URL: